Г.Цэнд: Өрхийн эмнэлгийн ачаалал гурав дахин өссөн ч байрны өргөтгөлийн асуудал шийдэгдэлгүй өдий хүрч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2019-12-18 15:41:29

Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн төвийн иргэд хүн амд хүрч үйлчилдэг гурван Өрхийн эрүүл мэндийн төв бий. Түүний ууган байгууллага болох “Оюуны шим” өрхийн эрүүл мэндийн төвийн дарга Г.Цэндтэй уулзаж ярилцлаа. Тус ӨЭМТ нь Хэрлэн сумын дөрөв, тавдугаар багийн 2800 өрхийн 9500 хүнд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлдэг байна.

 

-Энэ өдрийн мэнд хүргэе. Хүйтний улирал эхэлсэн учраас өрхийн эмнэлгүүд маань ид ачаалалтай ажиллаж байгаа байх?

-Сайн байна уу? Манай ӨЭМТ дөрвөн их эмч, дөрвөн сувилагч, хоёр туслах ажилтан нийт 10 орон тоотой ажиллаж байна. ӨЭМТ-өөр үйлчлүүлж буй хүн амын 1200 нь 0-5 насныхан, 2700 нь 16-49 насныхан, 650 нь ахмад настан байна. Цагийн хуваарийн хувьд өглөө 08:30 цагаас орой 17:30 цаг хүртэл ажилладаг. Бид амбулатори, гэрээр үйлчлэх, лаборатори болон сэргээн засах тусламж үйлчилгээг үзүүлдэг. Манай лабораторид шээсний шинжилгээ, зүрхний бичлэг, хеликобактер, сахар, B, C вирус, ДОХ, тэмбүү зэрэг арваад төрлийн шинжилгээг авч үйлчилж байна.

-Өрхийн эрүүл мэндийн төв нь жирэмсэн эх, өндөр настан, нярай зэрэг хүмүүст тусгай үйлчлэх цагийн хуваарь байдаг уу?

-Жирэмсэн эхчүүд ӨЭМТ дээрээ эхний гурван сардаа хяналтад орох шаардлагатай. Зарим нь хожуу орох тохиолдол байдаг, тухайлбал хөдөө гадаа явсан юм уу, мэдээгүйгээс оройтох тохиолдол бий. Жилдээ 230 орчим жирэмсэн эх хяналтад хамрагддаг. Тиймээс мягмар гарагт 14:00 цагаас хойш жирэмсэн эхчүүдээ үздэг. Учир нь нэгдэх өдөр маш их ачаалалтай, ханиад томуу туссан хүмүүс их ирдэг учраас холилдуулахгүйн үүднээс ингэж үздэг. Мөн эрсдэлтэй болон өвдөж байгаа жирэмсэн эхийг цаг харгалзахгүй үзнэ. Нярайн вакциныг долоо хоног бүрийн лхагва гарагт хийдэг.

-ӨЭМТ-д дуудлага хэр ирдэг вэ? Дийлэнхийг ямар өвчтэй хүмүүс эзэлж байна?

-Өвлийн улиралд амьсгалын замын өвчин зонхилж байна. Одоогийн байдлаар дуудлага ихтэй байдаг үе. Өдөртөө 10-15 дуудлага ирж байна. Мөн түр оршин суугч иргэдийн 0-2 сартай хүүхдүүдээ гэрээр эргэдэг. Эргэлтээ сайн хийчихвэл дуудлага ирэх нь харьцангуй багасна. Тиймээс эргэлтээ аль болохоор амжуулж хийхийг хичээж ажилладаг даа. Мөн иргэд даралт ихсэх өвчин, зүрх судасны өвчлөл, бөөрний үрэвсэл зэрэг өвчнөөр ӨЭМТ-д голдуу хандахаас гадна хөнгөлөлттэй эмээ бичүүлэх гэж ирцгээдэг.

-Аймгийн хэмжээнд дөрвөн ӨЭМТ-д төсөл хэрэгжиж байгаа. Энэ талаар?

-Манай ӨЭМТ дээр “Олон нийтийн оролцоотой хяналтын механизм”-ыг бий болгох төсөл 2017 оны тавдугаар сараас хэрэгжиж байгаа. Энэхүү төслийн гол зорилго нь хүн ам, ард иргэдэд анхан шатны эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж байгаа ӨЭМТ-ийн үйлчилгээг чанартай, хүртээмжтэй хүргэж чадаж байгаа эсэхэд хяналт тавьдаг. ӨЭМТ-үүд нь аймгийн Засаг дарга, Эрүүл мэндийн газрын дарга, ӨЭМТ-ийн дарга гэсэн гурвалсан гэрээгээр ажил үүргээ гүйцэтгэдэг. Энэ гурвалсан гэрээг олон нийтийн оролцоотой хяналтын механизмыг бүрдүүлэх төслийн хүрээнд зургаа болон 12 сараар дүгнэдэг. Энэ нь ард иргэдээрээ бид ажлаа дүгнүүлж байгаа хэрэг юм. Энэхүү ОНОХ төсөл нь ӨЭМТ-д тулгамдаж байгаа асуудлыг иргэдийн санал оролцоотойгоор төрийн болон ТББ-уудаар шийдвэрлүүлэх зорилго чиглэлтэй. Төслийн хүрээнд манай ӨЭМТ-д “сэтгэл ханамжийн судалгаа” авч иргэдтэй биечлэн уулзсан. Энэ судалгаа, санал хүсэлтийн үндсэн дээр иргэдээс гарсан саналыг эрэмбэлвэл, нэгдүгээрт “Оюуны шим” ӨЭМТ-ийн хувьд үйлчилгээ үзүүлэх орон байрны хэмжээ хангалттай бус, хоёрдугаарт гадна машины зогсоолгүй, гуравдугаарт эмнэлгийн гадна тохижилт, мод цэцэрлэгжүүлэлт хангалтгүй байгаа зэрэг санал хүсэлтүүд гарсан. Энэхүү саналыг ОНОХ төслийн хамт олон ТББ-ууд болон орон нутгийн удирдагуудад уламжлан эдгээр асуудлыг шийдүүлэхэд анхааран ажиллаж байгаа.

-Танай хамт олны хувьд ӨЭМТ-ийнхөө үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, гадаад дотоод орчныг сайжруулах чиглэлд ямар ажлууд санаачлан хийсэн бэ?

-Бид үйлчлүүлэгчдийнхээ тав тухтай орчинг хангах үүднээс байрны дээвэр, хашаа хайсаа будаж, гадна талбайдаа сүүдрэвч хийсэн. Манай ӨЭМТ-ийн байр 2001 онд ашиглалтад ороод 20-иод жилийн хугацаа өнгөрлөө. Анх 4000 орчим хүнд үйлчилдэг байсан бол одоо 12000 хүнд үйлчилж байгаа учраас ачаалал, даац маш их хэтэрч хуучрах, элэгдэх, дээврээс ус гоожих гэх мэт хүндрэл бэрхшээл үүссэн. Тийм ч учраас аймаг, сум, ЭМГ-т хоёр давхар байртай болох хүсэлтээ уламжилсан. Гэвч төсөв мөнгөний боломж муугаас шийдэгдэхгүй байна. Энэ эмнэлэгтээ өргөтгөл бариад нэг байранд төвлөрч ажиллавал хүний нөөц, ажлын ачаалал, урсгал зардал зэрэг бүх асуудлаа нэг дор шийдэх боломжтой. Мөн ӨЭМТ дээр арваад төрлийн шинжилгээг тестээр авахаас гадна бүх төрлийн анхан шатны үйлчилгээ үзүүлдэг учраас нэгдсэн эмнэлгийн ачааллаас хөнгөлөхөд томоохон хувь нэмрээ оруулж байна.

 

Холбоотой мэдээ