Монголын соёлын өвийг ЮНЕСКО-д хадны зургаар сурталчлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2019-12-16 08:35:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Монголын хадны зургаас сэдэвлэн бүтээсэн “Хөмөргөн гурвалжин” этно бүжгэн жүжиг болон “Монголын сая өдөр” хадны зургийн фото үзэсгэлэнг ЮНЕСКО-гийн дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газар СУИС-ийн Бүжгийн урлагийн сургуультай хамтран БНФУ-ын нийслэл Парис хотноо ЮНЕСКО-гийн төв байранд энэ сарын 12-нд зохион байгуулжээ.

ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний комиссоос санаачилсан “Соёлын дурсгалт өв-хадны зургийг олон улсад сурталчлах нь” төслийн хүрээнд дээрх фото зургийн үзэсгэлэнг ЮНЕСКО-гийн дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газар болон “Сэмүүн” студитай хамтран толилуулсан байна.

Үзэсгэлэнд “Сэмүүн” студийн найруулагч, продюссер Б.Баярын Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Өмнөговь, Сүхбаатар, Хэнтий, Архангай зэрэг аймгийн нутаг дэвсгэрт хаданд мөнхөрсөн 5000 гаруй хадны зургаас хальсанд буулгасан сор бүтээлүүдийг дэлгэн толилуулжээ.

Түүнчлэн, тус үзэсгэлэнгийн нэг хэсэг болсон Улаанчулуутын хогийн цэг дээр ажиллаж, амьдарч буй амьжиргааны түвшнээс доогуур орлоготой 60 гаруй өрхийн хүүхдүүд хадны зургаар сэдэвлэн бүтээсэн уран бүтээлүүдийг дэлгэн үзүүлсэн юм. Эдгээр хүүхдийн “Хөмөргөн гурвалжин” этно бүжгэн жүжигтэй холбон бүтээсэн “Дэл уулын хад” эсгий зураг, өөрсдийн гараар зурж урласан дахин давтагдашгүй 200 гаруй ил захидлыг дэлгэн сурталчилсан байна.

Үзэсгэлэнгийн нээлтэд Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, ЮНЕСКО-гийн Ерѳнхий захирлын Захиргаа, менежментийн асуудал хариуцсан захирал Николас Жефрейс, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат нар үг хэлж Б.Баяр фото зургаа танилцуулжээ. Мөн СУИС-ийн Бүжгийн сургуулийн багш нар хөөмий, морин хуур, бүжгийн үзүүлбэрийг зочдод сонирхуулсан аж.


Холбоотой мэдээ