Монгол Улс “Өвлийн үзэсгэлэн-2019”-д зочин орноор оролцож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2019-12-13 17:48:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХХААХҮЯ-наас БНХАУ-ын Хайнань мужид зохион байгуулж буй 22 дахь удаагийн хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний олон улсын “Өвлийн үзэсгэлэн-2019”-д “Монгол Улсын танхим”-ыг нээж, үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүнийг таниулан сурталчлах, борлуулах ажил зохион байгуулж байна.

Үзэсгэлэнд 35 улсын 54000 орчим хөрөнгө оруулагч, худалдан авагч оролцож байгаа бөгөөд “Монгол Улсын танхим”-д 20 орчим үндэсний үйлдвэр мах, махан, арьс ширэн, ноос ноолууран болон хүнсний бүтээгдэхүүнээ танилцуулж байгаа юм.

Үзэсгэлэнг нээж ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан хэлэхдээ, Монгол, Хятад улсын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулж, худалдааны бүтцийг сайжруулан, нэмүү өртөг шингэсэн ХАА-н гаралтай эцсийн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх”-ийг зорин ажиллаж байгааг онцлов. 

Ажлын айлчлалын үеэр ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан Хайнань мужийн захирагч бөгөөд Намын хорооны дарга Шэнь Шиаоминтэй албан ёсны хэлэлцээр хийж цаашид “Өвлийн үзэсгэлэн” болон бусад үзэсгэлэнд Монголын аж ахуйн нэгжүүдийг тогтмол хөнгөлөлттэй нөхцөлөөр оролцуулж байх, Хайнань мужид нэвтрүүлсэн ХАА-н дэвшилтэт технологи, шинэ үр сортыг Монгол Улсад нэвтрүүлэх, турших, БНХАУ-ын ХААХТЯ-ны харьяа “Хятадын ХАА-н шинжлэх ухааны академи”-тай хамтарсан судалгааны ажил хийх, салбарын боловсон хүчнийг чадавхжуулах зэргээр хамтран ажиллахаар тохиролцож санамж бичигт гарын үсэг зурлаа.

Цаашид Хайнань мужийн зах зээлд Монгол Улсын аж ахуйн нэгжүүд бараа бүтээгдэхүүн борлуулах, олон улсын үзэсгэлэн, худалдаанд ХАА-н салбарын бизнес эрхлэгчид, үндэсний үйлдвэрлэгч нар тогтмол хөнгөлөлттэй нөхцөлөөр оролцож байх боломж бүрдлээ гэж ХХААХҮЯ мэдээлэв.


Холбоотой мэдээ