Хүүхэлдэйн театраа иргэдэд хүргэхээр зорьж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2016-04-19 08:23:24

Өмнөговь аймгийн хэмжээнд 2 хүүхэлдэйн театр идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Үүний нэг нь Мандал-Овоо сумын ерөнхий боловсролын сургуулийн дэргэдэх хүүхэлдэйн театр юм.

Тус сургуулийн номын сангийн эрхлэгч н.Золзаяа ярихдаа “Ном хөтөлбөрийн хүрээнд хүүхдүүдийг номтой нөхөрлүүлэхийн тулд энэхүү театрыг байгуулсан. Нэг хүүхэд л гэхэд хоёр дүрд тоглодог тиймээс хүүхдүүд ном зохиолд илүү ойртож байгаа нь ажиглагдаж байна. Бид одоогоор сургууль дотроо үйл ажиллагаагаа явуулж байгаа. Цаашдаа иргэддээ хүргэхээр төлөвлөж байна” гэлээ. Хүүхэлдэйн театраа тус сургуулийн багш ажилчид гарын дорхи материал ашиглан хийсэн байна. Энд “Гурван тоорой”, “Улаан малгайт” зэрэг 6 үлгэрийн 30 гаруй баатрууд байгаа ажээ.

Өмнөговь аймгийн хэмжээнд сургууль цэцэрлэгүүдэд хүүхэлдэйн театр байгуулсан байдаг боловч Мандал-Овоо сумын ЕБС, Даланзадгад сумын 4 дүгээр цэцэрлэгийн хүүхэлдэйн театрууд идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ