Улсын хэмжээнд 47 ус цэвэрлэх байгууламж ажиллахгүй байна

Монголын мэдээ | Улс төр
munkhbaatar@montsame.gov.mn
2019-12-05 16:56:50
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив. 


Төсөл санаачлагч УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ төслийг танилцуулахдаа, уг хуулийн төслөөр шинээр үүсгэн байгуулсан Хот, суурины ус хангамж, ариутгах татуургыг ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлд ус хангамж, ариутгах татуургын улсын байцаагчийн эрх олгохоор зохицуулсныг дурдлаа. Ингэснээр, хуулийн хэрэгжилтийг хангуулах, хариуцлагын механизмыг бүрдүүлэхийн сацуу хүн амын эрүүл, аюулгүй амьдрах, орчны бохирдлоос хамгаалагдах эрхийг хангах, төрийн үйлчилгээг тэгш, хүртээмжтэй, хариуцлагатай хүргэх боломж бүрдэнэ гэдгийг онцлов. Сүүлийн үед ус хангамжийн болон усны эх үүсвэр, шугам сүлжээний хамгаалалтын болон эрүүл ахуйн бүсэд зөвшөөрөлгүй барилга байгууламж барих, аж ахуйн ажил эрхлэх, байгаль орчин, усны эх үүсвэрийг бохирдуулах зэрэг зөрчил газар авсан. Иймээс ус хангамжийн болон усны эх үүсвэр, шугам сүлжээний хамгаалалтын бүсэд гарч буй зөрчлөөс урьдчилан сэргийлэх, тэдгээрийг таслан зогсоох, хүлээлгэх хариуцлагыг чангатгах, байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зохицуулалтыг тодорхой болгох шаардлагатай байна гэж төсөл санаачлагчид үзжээ. 


Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Б.Сүхбат, Х.Болорчулуун нар асуулт асууж тодруулсан бол О.Баасанхүү,  Х.Баделхан, Б.Бат-Эрдэнэ, Ш.Раднаасэд нар хуулийн төслийг дэмжиж үг хэлсэн.


Ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээ гэдэг нь ус олборлолтоос эхлээд цэвэрлэх байгууламжаас гарсан ус, лагийг байгаль орчин, хүн амын эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр ашиглах, устгах, хадгалах, зайлуулах бүх шатанд хамаарах цогц ажиллагаа юм. Улсын хэмжээнд, 130 гаруй бохир ус цэвэрлэх байгууламж байгаагаас 51 нь хэвийн, 27 нь хагас ажиллагаатай. Огт ажиллагаагүй 47 бохир ус цэвэрлэх байгууламж байна. Үүнээс үүдэн жилд, 120 сая гаруй м3 бохир ус байгальд шууд хаягддаг байна.


Ингээд Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг  хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 62.5 хувь нь дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв. 

Холбоотой мэдээ