Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-12-04 18:20:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.


УИХ-аас 2005 онд Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийг баталсан ч, уг хууль нь зөвхөн Үндэсний олон нийтийн радио, телевизийг байгуулах, ажиллах зарчим, эрх зүйн үндсийг тогтоож, хөтөлбөрийн бодлогын зарчмыг тодорхойлоход чиглэсэн. Харин өнөөгийн байдлаар улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулах эрх бүхий 84 телевиз, радио нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчээс Улаанбаатар хотод 29, орон нутагт 66, кабелийн сувгийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч Улаанбаатар хотод 77, орон нутагт 8, олон сувгийг дамжуулах үйлчилгээ эрхлэгч буюу кабелийн телевизийн үйлчилгээ эрхлэгч Улаанбаатар хотод 16, хиймэл дагуулаар олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгч Улаанбаатар хотод нэг, орон нутагт 50 байна. Эдгээр тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн үйл ажиллагааг зохицуулах хууль, эрх зүйн орчин дутагдалтай байгаа тус Засгийн газар дээрх хуулийн төслийг боловсруулсан юм.


Хуулийн төслийг баталснар хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн, хараат бус, бие даасан радио, телевизийн өргөн нэвтрүүлгийн зах зээлийн шударга өрсөлдөх нөхцөл бүрдэнэ хэмээн үзэж буй юм. Мөн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх нөхцөл, журам хуульчлагдаж, хөрөнгө оруулах эрх зүйн таатай орчин бүрдэнэ. Түүнчлэн  радио, телевизийн зар сурталчилгаа, тэр дундаа нийгэмд тустай зар сурталчилгаа явуулах эрх зүйн зохицуулалт боловсронгуй болж, сэтгүүлч болон редакцийн зөвлөлийг улс төрөөс хараат бус, бие даан ажиллах эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр тодорхой ахиц гарна хэмээн үзэж буй юм.


Хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын багаас зарчмын зөрүүтэй 59, найруулгын гурван санал боловсруулжээ. Байнгын хорооны хуралдаанаар дээрх санал тус бүрээр санал хурааж, чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо. Хуулийн төслийг энэ долоо хоногт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх юм. Төслийг энд дарж үзнэ үү.

Холбоотой мэдээ