Ерөнхий сайдын айлчлалын хүрээнд 12 баримт бичигт гарын үсэг зурлаа

Монголын мэдээ | Улс төр
khandmaa@montsame.gov.mn
2019-12-04 10:19:02

Москва. /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхий сайд Д.Медведев нар Москва хотноо өчигдөр үдээс хойш уулзаж хэлэлцээ хийсэн билээ. Үүний дараа хоёр тал 12 баримт бичигт гарын үсэг зурсан юм.

Үүнд:

 

1.   “Цахилгаан эрчим хүчний салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т Монгол Улсын Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, ОХУ-ын Эрчим хүчний  сайд А.В.Новак нар гарын үсэг зурлаа.

2.  “Монгол Улсын Гадаад харилцааны яам, ОХУ-ын Гадаад хэргийн яам хоорондын 2020, 2022 оны хамтын ажиллагааны төлөвлөгөө”-нд Монгол Улсын гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, ОХУ-ын Гадаад хэргийн орлогч сайд И.В.Моргулов нар гарын үсэг зурлаа.

3.    “Монгол Улсын иргэдийг төмөр замын мэргэжлээр суралцуулах тухай Монгол Улсын Зам тээврийн хөгжлийн яам, ОХУ-ын Зам тээврийн яам хоорондын хэлэлцээр”-т Монгол Улсын Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, ОХУ-ын Тээврийн нэгдүгээр орлогч сайд И.С.Алафинов нар  гарын үcэг зурлаа.

4.  “Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, ОХУ-ын Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам хоорондын санамж бичиг”-т Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогбаатар, ОХУ-ын Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд М.А.Топилин  нар гарын үсэг зурлаа. 

5.    “Монгол Улсын Хууль зүй дотоод хэргийн яам болон ОХУ-ын Хууль зүйн яам хооронд 2020, 2021 онд хамтран ажиллах хөтөлбөр”-т Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, ОХУ-ын Хууль зүйн сайд А.В.Коновалов нар гарын үсэг зурлаа.

6.    “Хамтран ажиллах тухай Монгол Улсын Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам болон ОХУ-ын Аж үйлдвэр худалдааны яам хоорондын санамж бичиг”-т Монгол Улсын Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан, ОХУ-ын Аж үйлдвэр худалдааны орлогч сайд А.Н.Морозов нар гарын үсэг зурлаа. 

7.    “Геологи геофизикийн болон инженер-геологийн судалгааны салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын “Эрдэнэт үйлдвэр”, ОХУ-ын “Зарубежгеология” ХН-ийн  хоорондын гэрээ”-нд Монголын “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал  Х.Бадамсүрэн, “Росгеология” хувьцаат нийгэмлэгийн удирдлагын дарга, ерөнхий захирал С.Н.Горьков  нар  гарын үсэг зурлаа.

8.   “Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн төмөр замын шугам барих, ажил  гүйцэтгэх тухай гэрээг хэрэгжүүлэхэд техникийн зөвлөгөөний үйлчилгээ үзүүлэх тухай УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмэг болон “РЖД Интернешнл” хязгаарлагдмал хариуцлагатай нийгэмлэг хоорондын гэрээ”-нд Монгол Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам хязгаарлагдмал хувьцаат нийгэмлэгийн дарга Д.Жигжиднямаа, “РЖД Интернейшнл” ХХК-ийн ерөнхий захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Столяров Сергей Алексеевич нар  гарын үсэг зурлаа.

9.   “Монголын "Эрдэнэс Монгол" ХХК ба ОХУ-ын “УЗТМ КАРТЭКС” ХХК-ийн стратегийн түншлэлийн тухай санамж бичиг”-т Монгол Улсын "Эрдэнэс Монгол" ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Ганхүү, “УЗТМ КАРТЭКС” ХХК-ийн ерөнхий захирал  Я.В.Центер нар гарын үсэг зурлаа.

10. “Арьс ширний бэлтгэн нийлүүлэлт, худалдааны чиглэлээр хамтран ажиллах тухай Монгол Улсын Хөдөө аж ахуйн бирж ТӨХХК болон ОХУ-ын “Русская кожа” нийгэмлэг хоорондын санамж бичиг”-т Монголын Хөдөө аж ахуйн бирж ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Баатар, “Русская кожа” нийгэмлэгийн захирал А.А.Низов  нар гарын үсэг зурлаа.

11. “Хамтын ажиллагаа хэрэгжүүлэх тухай Монгол Улсын Худалдаа Хөгжлийн банк  ОХУ-ын Оросын экспортын төв хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т Монгол Улсын Худалдаа Хөгжлийн банкны ерөнхийлөгч Б.Мэдрээ ОХУ-ын Оросын экспортын төвийн гүйцэтгэх захирал А.Слепнев нар гарын үсэг зурлаа.

12. “Очир гэгээн сүндэр” ХХК болон “Алс Дорнодын Арктикийн хөгжлийн сан”  нийгэмлэг хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг"-т Монгол Улсын “Очир гэгээн сүндэр” ХХК-ийн ерөнхий захирал Г.Очир, “Алс Дорнод Арктикийн хөгжлийн сан” нийгэмлэгийн захирал А.О.Чекунков нар  тус тус гарын үсэг зурлаа.

                                                                                                                                                                                    Ю.Дэлгэрмаа

 

 

Холбоотой мэдээ