С.Доржсүрэн: Газар тариалан хүний үйл ажиллагаанаас гадна байгаль, цаг уурын нөлөөллөөс маш их шалтгаална

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2019-12-07 15:39:46

Архангай /МОНЦАМЭ/. Монгол Улсад атар газар эзэмшиж, арын хангай нутгийнхаа газар тариалангийн үйлдвэрлэлд цэл залуу нас, эрч хүч, оюун санаагаа дайчлан ажиллаж, атрын анхны шанг татсан ахмадууд, тэдний залгамж халаа дунд болон залуу үеийн тариаланчид, мэргэжилтнүүд механикжуулагчид олон бий. Ахмад тариаланчдын төлөөлөл болсон ахмад механикч С.Доржсүрэнтэй ярилцсанаа сийрүүлье.


-Юуны түрүүнд Та өөрийгөө танилцуулна уу?

-Намайг С.Доржсүрэн гэдэг. Одоо Цэцэрлэг суманд амьдарч байна аа.

-Та газар тариалангийн салбар руу хэдэн онд орж байв. Хэн таныг хөтөлж оруулсан бэ?

-Би төмөр замын сургууль төгсөөд л Зүүнхараад очсон. Тэндээс гачигдал гарч нутагтаа ирээд газар тариалангийн салбарт орж, техникч, хөдөө аж ахуйн механикийн ажил хийж байгаад 1978 онд Жаргалант суманд ерөнхий механикаар томилогдож очсон. Жаргалант сумаасаа их сургуульд орж, 1987 онд их сургуулийн харьяа байсан Политехникийн сургуульд сурч жинхэнэ инженер болсон доо. Тэгээд Өгийнуур суманд ирж байлаа.  

-Та тэр үед хэдэн настай байсан бэ?

-Энэ салбарт ороход 25 настай л орж байсан байна.

-Таны энэ хугацаанд гаргаж байсан ажлын амжилтууд, гавьяа шагнал юу байна вэ?

-Зөндөө. Өгийннуурт ажиллаж байхдаа газар тариалангаараа улсад тэргүүлж, Хөдөө аж ахуйн яамны баярын бичиг авч байлаа. Дараа нь яамны жуух бичиг, хөдөө аж ахуйн тэргүүний ажилтан, хөдөө аж ахуйн тав, найман жилийн гавшгайч гээд хөдөө аж ахуйн бүх л шагналыг авлаа даа. Сүүлд нь Хөдөлмөрийн хүндэт медаль, Алтан гадас одон гээд төрийн хайр хишгийг хүртчихсэн сууж байна аа.

-Таны ажиллаж байсан нэгдэл ямар нэртэй байсан бэ?

-Би их олон нэгдэлд ажилласан. Манай Цэцэрлэг сумынх бол “Чөлөөт амьдрал” нэгдэл, Жаргалант сумынх “Жаргалант амьдрал”, Хайрхан сумын “Хамтын зориг” нэгдэл, Өгийнуур сумын “Туяа” гэсэн нэгдлүүдэд ажиллаж байлаа.  

-Нэгдлүүдэд газар тариалан харьяалагддаг байсан юм уу?

-Байлгүй яахав. Манай аймаг газар тариалангийн үйлдвэрлэлтэй зургаан сумтай. Хайрхан, Өгийнуур, Төвшрүүлэх, Хотонт, Өлзийт, Хашаат гэж. 4000-5000 га эргэлтийн талбайтай сумууд. Манай Цэцэрлэг сум бол малын тэжээл тариална. Надтай хамт манай агрономич Лхагжав эгч ажиллаж байсан.  

-Архангай аймагт Атрын 60 жилийн ойг саяхан тэмдэглэн өнгөрүүллээ. Та сэтгэгдлээсээ хуваалцаач?

-Сэтгэгдэл их өндөр байна. Манай газар тариалангийн өгөөж их шүү дээ. Баярын хурал дээр надтай хамт ажиллаж байсан хүмүүс байсан. Тэдэнтэйгээ уулзахад их сайхан байлаа. Энэ газар тариалангийн ажлыг хоолыг нь идэж байсан хүнийхээ хувьд их хүндэтгэдэг.  

-Та одоо хэр нь төмс ногоо тариад газар тариалангийн салбараасаа салаагүй л байгаа гэж байсан...?

-Тиймээ. Хашаандаа төмс, хүнсний ногоогоо тарьчихдаг юм. Газрын шим сайхан шүү.

-Цэцэрлэг суманд газар тариалангийн хөгжил ямар байна. Таны нүдээр...?

-Төмс, хүнсний ногоо тариалж газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлж байгаа хүмүүс олон байна. Хүнсний ногоо болон ногоон тэжээлээ тариалах тал дээр төр засгаас дэмжиж байгаа шүү.  

-Энэ салбарт залуучууд хүч түрж орж ирж байна уу? Ялангуяа мэргэжлийн боловсон хүчний тухайд?

-Манай суманд нарийн мэргэжилтэй хүмүүс байна. Ер нь залуус энэ салбарт ажиллаж эхэлж байна. Энэ нь сайн хэрэг юм. Ардчилсан хувьсгал эхэлснээс хойш манай хөдөө аж ахуйн мэргэжилтнүүд нэг хэсэг хаягдсан л даа. Багш, эмнэлгийн ажилтнууд ахмадуудаа хүлээгээд л авчихаж байгаа юм. Гэтэл нэгдэлд харьяалагдаж байсан мэргэжилтнүүд агрономич, инженер механикч, зоо техникч гэсэн хүмүүс хаягдангуй л байдаг.

-Та яриа эхлэхийн өмнө олон ажил хийж байсан тухай ярьж байсан?

-Тийм ээ. Би их олон ажил хийж байсан. Сумын хурлын төлөөлөгчөөр гурван удаа сонгогдож байлаа. Бас ном бичнэ ээ. Одоогийн байдлаар долоон ном бичсэн байна. Төмөр замын сургуулиа төгсөж ирээд эвлэлийн үрийн даргын ажил хийж байлаа. Өөр бусад сонгуульт ажлууд ихээ их. Харин сүүлд лам болсон доо.

-Ярилцлага маань өндөрлөж байна. Та залуу тариаланчиддаа, дунд үеийнхэндээ, хамт ажиллаж байсан ахмад тариаланчиддаа баярын үг хэлээрэй.

-Бид Атрын 3 аяныг өнгөрөөж байна. Нэгдүгээр аянд оролцож байсан Батцэнгэл сумын Л.Лхасүрэн ах байна. Бараг хамгийн настай тариаланч нь болсон байна. Тэр 1957 оноос хойш Төвшрүүлэхийн сангийн аж ахуйд атар газар эзэмшиж явсан хүн. Гавьяат Төмөрчөдөр гуай, Цагаанбанди гуай гээд олон сайхан хүмүүс байна. Би ажиллаж байхдаа ч тэр одоо ч тэр, нэрийг нь л сонсож байснаа огт уулзаж байгаагүй. Олон жилийн дараа ийм баярын хурлын үеэр уулзаж, ярилцах хувь зохиол тохиосонд баяртай байгаа. Ер нь газар тариалан гэдэг сайхан л даа. 10 гаруй шалтгаанаас газар тариалан хамааралтай. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр хүний үйл ажиллагаанаас гадна байгаль, цаг уурын нөлөөллөөс маш их шалтгаална шүү дээ. Одоо лам болсон учраас газар тариалангийн бүс нутагт очиж газар шороо, уул овоог тахьдаг. За ингээд залуу тариаланчиддаа хэлэхэд бууршгүй буянтай, сааршгүй сантай, санасан хэлсэн нь сангийн далай мэт бялхаж явах болтугай гэж ерөөе.

-Ярилцсанд баярлалаа Танд.


Холбоотой мэдээ