“Галдан хаан” туульсийн дуулалт жүжгийг сэргээн тоглоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-11-22 14:36:18

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Хөгжимт драмын театрын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах, уран бүтээлээр дамжуулан үзэгчдийг соён гэгээрүүлэх зорилгоор “Өвөл цагийн уран бүтээл”-ийн 82 дахь жилийн нээлтийн үйл ажиллагаа зохион байгууллаа.

Энэхүү нээлтийн үйл ажиллагаа нь Хөгжимт драмын театрын ахмад, дунд, залуу үеийн уран бүтээлчдийн хүндэтгэлийн жагсаалаар эхэлсэн юм.

Нээлтийн үеэр цамын бүжиг, магтуу дуу зэрэг уран бүтээлийн дээжээс иргэд олон нийтэд сонирхууллаа. Мөн 11 дүгээр сарын 20-24-ний өдөр хүртэлх хугацаанд Хөгжимт драмын театрын тайзнаа тоглох таван шилдэг уран бүтээлийн танилцуулга хийж, ард иргэдийг хүрэлцэн ирж үзэхийг уриалав.

Хөгжимт драмын театрийн хамт олон өвөл цагийн уран бүтээлийн 82 дахь жилийн нээлтийн үйл ажиллагааны хүрээнд Норовын намтар”, “Эх орны хүү” бүжгэн жүжиг, “Жангар” туульсийн дуулалт жүжиг, “Эх монгол орон хүндэтгэлийн концерт зэргийг тусгай хуваарийн дагуу үзэгчдэд толилуулж байна.

Мөн 2015 онд үзэгчдийн хүртээл болсон “Гэгээн муза -12 олон улсын наадмын Гранпри шагналт “Галдан хаан” туульсийн дуулалт жүжгийг энэ удаа дахин сэргээн тоглох гэж байгаагаараа онцлогтой юм. 

Холбоотой мэдээ