Иргэний нисэхийн ерөнхий газрын ажлын хэсэг Сэлэнгэ аймагт ажиллалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-11-22 14:05:39

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Энэ сарын 20-ны өдөр аймгийн Засаг дарга Ш.Оргил ИНЕГ-ын ерөнхий зориулалтын нисэхийг хөгжүүлэх албаны дарга Э.Энхзориг тэргүүтэй ажлын хэсгийг хүлээн авч уулзлаа.

Энэхүү уулзалтын хүрээнд бага оврын агаарын хөлгийг аймгийн төвд буулгах, түүнтэй холбоотой асуудлаар санал солилцсон байна. Аймгийн зүгээс бага оврын агаарын хөлгийн буух талбайг /хуучин онгоц бууж байсан талбай/ ПСМК-д сонгосон байв. Иймээс иргэний нисэхийн төлөөлөл, “Сэлэнгэ АЗЗА” ОНӨААТҮГ, аймгийн Газрын албаны холбогдох хүмүүсийн хамт үзэж, заавар зөвлөгөөг өгснөөр зам талбайг тэгшилж засах ажлыг хийж гүйцэтгэхээр боллоо.

Улаанбаатар-Дарханы чиглэлийн замын ажил дуусаагүй байгаа энэ цаг үед энэхүү бага оврын агаарын хөлөг нь яарч сандарсан хэн хүнд цаг зав, хором мөч бүрийг хэмнэх ач холбогдолтой юм. Энэхүү уулзалтын үеэр ИНЕГ-ын ерөнхий зориулалтын нисэхийг хөгжүүлэх албаны дарга Э.Энхзориг "Эхний ээлжинд хөөрч, буух талбайн асуудлаа шийднэ. Үнэ тарифын асуудал яригдах болоогүй байна” хэмээн хэллээ.

Холбоотой мэдээ