Хүн бүхний хэрэгцээт “00”-доо анхаарлаа хандуулъя

Монголын мэдээ | Нийгэм
ulzii@montsame.mn
2019-11-19 15:47:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бид энгийн нэг байдаг л зүйл мэт үзэж ханддаг, онцгойлон анхаарал хандуулдаггүй "Жорлон" буюу бие засах газар нь ямар их чухал хэрэгцээт зүйл гэдгийг сануулж, үүнд хүн бүхэн анхаарч үзэхийг уриалах өдөр байдгийг та мэдэх үү?


Энэ бол жил бүрийн 11 дүгээр сарын 19. Дэлхийн "00" /нойл/-ын өдрийг дэлхийн улс орнууд 19 дэх жилдээ тэмдэглэж байна.


Та өдөр тутмын амьдралаа жорлонгүйгээр төсөөлөөд үз!  Таныг гэртээ, ажлын байрандаа, гудамж талбайд, олон нийтийн газар, эмнэлэгт, сургууль гээд хаана ч байсан бидний хэлж заншсанаар жорлон, нойл буюу бие газрыг зорих шаардлага гардаг. Жорлон бол бидний амьдралын салшгүй нэг хэсэг. Хүн бүхэн өдөрт дор хаяж 3-4, түүнээс ч олон удаа бие засах зайлшгүй шаардлага тулгардаг.

Монгол Улсын хэмжээнд хаана ч, хэн ч бие засах газрынхаа асуудлыг цэвэрхэн, хүртээмжтэй, аюулгүй, бохирдол үүсгэхгүй байхаар төгс шийдээгүй л байна. Тухайлбал, Монгол Улсын хүн амын 65 гаруй хувь нь бохирын төвлөрсөн шугам сүлжээнд холбогдоогүй төдийгүй сайжруулсан ариун цэврийн байгууламжгүй нөхцөлд амьдарч байгаа юм.

Энэ нь бидний эрүүл ахуйд сөргөөр нөлөөлж, төрөл бүрийн халдварт өвчин гарахаас эхлээд эдийн засгийн чамгүй хохирол учруулдаг. Улаанбаатар хотын хүн амын талаас илүү нь гэр хороололд амьдарч, тэд 200 мянга шахам нүхэн жорлонд бие засаж байгаа нь бидний бодит амьдрал.


Бидний эн тэргүүнд хэрэгжүүлэх ёстой энэ асуудлын чухлыг танд сануулж, ач холбогдлыг жирийн иргэнээс эхлээд шийдвэр гаргагчид, өрх гэр, албан байгууллага бүрийн анхаарлыг энэ зүгт хандуулах зорилгоор Дэлхийн "00" /нойл/-ын өдрийг 2011 оноос Монгол Улсад жил бүр тэмдэглэж байна.


Сингапур улсад төвтэй Дэлхийн "00"-ын холбооноос  (World Toilet Organization)  санаачлан Дэлхийн "00" -ын өдрийг 2001 оноос тэмдэглэж эхэлжээ. Энэ өдрийг манай гараг дээр 2,6 тэрбум хүн буюу нийт хүн амын 40 хувь нь шаардлага хангаагүй жорлон /ариун цэврийн байгууламжийн гачигдалтай/ хэрэглэж байгааг хүмүүст мэдүүлж, энэ байдлыг сайжруулах талаар дэлхий нийтэд түгээн таниулахад хандуулдаг. Ариун цэврийн байгууламжгүй эсвэл шаардлага хангахгүйгээс үүдэн амь насаа алдсан хүмүүсийн тоо ХХ зууны турш дайн байлдаан, зөрчилдөөнөөс болж амь насаа алдсан хүмүүсээс их байна. Амь насаа алдагсдын ихэнх нь таваас доош насны хүүхдүүд аж.


Монголд ариун цэврийн байгууламжийн өнөөгийн байдал ямар байна?


Нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдийн 98 хувь нь бие засах газартай боловч түүний 97 хувь нь ил задгай, нүхэн жорлонтой байгааг судалгаагаар тогтоосон. Ийм шаардлага хангахгүй бие засах газрыг Монголын хүн амын дийлэнх хэсэг ашиглаж байгаа нөхцөлд, үүнээс үүдсэн өвчлөл, эдийн засгийн хохирол, амьдралын таагүй орчин гээд олон асуудал ар араасаа хөврөх нь тодорхой. Энгийн нүхэн жорлонгоос шууд хамааралтайгаар хөрс, ус, орчны бохирдол жил ирэх тусам нэмэгдсээр байна. Гэр хороололд айл өрхүүдийн бие засах газрын өтгөн шингэн нь шууд ил задгай харагддаг. Хамгийн аюултай нь ялгадаснаас ялаа, хортон шавжаар дамжин хоол хүнс, эд хогшил, хана туурганд дамжин хүрч, хаа сайгүй наалдаж, элдэв төрлийн өвчин үүсгэх аюултай.    


Улаанбаатар хотын төвд 2010 оноос л нийтийн бие засах газрууд шинээр баригдсан бөгөөд нийслэлийнхний хотын соёл нь хараахан төлөвшиж хэвшээгүй л байна. Алслагдсан дүүрэг, хөдөө орон нутагт сурч байгаа өсвөр үеийнхний бие засах газар хамгийн тулгамдсан асуудлын нэг байдаг. Судалгаагаар хотын сургуулийн нэг угаалтуурт дунджаар 60-100 хүүхэд ноогддог бол хөдөө орон нутагт гар угаах усан хангамж, угаалтуур хангалтгүй, гадаах модон жорлонтой л байгаа.  


Бие засах газрын асуудал харьцангуй шийдэгдсэн гэх орон сууцны оршин суугч нэг иргэн өдөрт 100 хүртэл литр ус зарцуулдаг.  Харин энэ усныхаа 45 хувийг жорлонгийн ус татахдаа зарцуулдаг гэсэн судалгааг Усны газраас гаргажээ. Энэ бол ундны усны нөөц хомсдож байгаа өнөө үед усны хэмнэлттэй сантехникийн шийдлүүдийг нэн даруй нэвтрүүлэх шаардлага байгааг харуулж байна. 


Хөдөөгийн хүн амын усан хангамж, ариун цэврийн байгууламжийн талаар дорвитой судалгаа, мэдээлэл хомс. Бодит амьдралаас харахад бас л олон бэрхшээл, асуудалтай. Сумдын сургууль, эмнэлгийн дийлэнх нь энгийн нүхэн жорлонтой бөгөөд 2 гаруй хувь нь төвлөрсөн шугамд холбогдсон ариун цэврийн байгууламжтай. Харин хөдөөгийн ийм байгууламжийн хүрэлцээ 20 гаруй дахин бага. Энэ дүр зураг дэлхийн улсуудтай харьцуулахад, ядуу буурай орнуудтай нэг түвшинд байгааг анзаарахгүй байхын аргагүй.   


Дэлхийн "00" өдрийг улс орнууд хэрхэн тэмдэглэдэг бол?


Энэ өдрийг 2001 оноос дэлхий даяар тэмдэглэж иржээ. Дэлхийн жорлонгийн холбоо бол олон улсын, ашгийн төлөө бус байгууллага бөгөөд дэлхий даяараа жорлон, ариун цэврийн асуудлыг сайжруулахын төлөө ажилладаг. Энэ байгууллагыг анх Сингапур улсад Жак Сим гэж хүн үүсгэн санаачилж эдүгээ 56 орны 200 гаруй байгууллагыг эгнээндээ нэгтгэжээ. 


Дэлхийн олон орон жорлонгийн асуудалд анхаарлаа хандуулж энэ өдрийг янз бүрээр тэмдэглэдэг. Өндөр хөгжилтэй орнуудаас дэлхий дээр 2,6 тэрбум хүн жорлон буюу шаардлага хангасан ариун цэврийн байгууламжгүй амьдарч байгаад туслах зорилгоор хандив цуглуулах олон арга хэмжээ зохион явуулдаг. Зарим газарт улс орныхоо хэмжээнд жорлон ариун цэврийн байгууламжийн асуудлыг сайжруулах, дэмжих зорилгоор ажилладаг.


АНУ-д оны шилдэг жорлон шалгаруулах уралдаан явуулдаг. Англид жил бүрийн энэ өдөр "Голден поо" хэмээх олон улсын уран бүтээлийн уралдаан зохиодог. Уран сайхны аргаар сайхан бие засах газартай байхын ашиг тус, эрүүл ахуйн зөв дадлыг хүмүүст хүргэх зорилготой юм. Уралдаанаас шалгарсан бүтээлүүдийг олны хүртээл болгож олсон орлогоос Дэлхий дээр жорлонгүй байгаа хүмүүст туслах, жорлон, эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулах үйлсэд зориулж байна.    


Ил жорлонгийн хор хөнөөлийн талаарх тоо баримтаас дурдвал: Нэг грамм өтгөн ялгадаст 16 сая вирус, нэг сая бактери, 1000 паразитын цист, 100 паразитын өндөг агуулагддаг. Дэлхийн хэмжээнд бохирдсон ундны ус, шаардлага хангаагүй ариун цэврийн байгууламж, эрүүл ахуйг хангалтгүй сахиснаас болсон өвчлөл, нийт өвчлөлийн 88 хувийг эзэлдэг. Харин бие зассаныхаа дараа савангаар гараа угааж хэвших нь гэдэсний өвчлөлийг 40 хувиар бууруулдаг байна.










Холбоотой мэдээ