МСК: Монголд хэрэгжүүлэх гэрээ авлигаас ангид байх учиртай
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн
газартай АНУ-ын Мянганы сорилтын корпорац /МСК/ Улаанбаатар хотын усан хангамжийг сайжруулах 350
сая ам.долларын гэрээ байгуулаад байгаа. Энэ нь МСК-аас манай улстай хийж буй 2 дахь компакт гэрээ юм.
Гэрээний талаар МСК болон Монголын Мянганы сорилтын
сан (ММСС)-гаас өмнө нь
сэтгүүлчдэд мэдээлж байсан бол өнөөдөр МСК-иас төсөл, гэрээний хүрээнд авлига, хээл хахууль, санхүүгийн луйврын
эсрэг баримталдаг зарчим, журам аргачлалын тухай танилцуулж хэлэлцүүллээ.
Хэлэлцүүлэгт АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл С.Клечески оролцож үг хэлсэн юм. Тэрээр, МСК хөгжлийн тусламж үзүүлэх хамтын ажиллагааг шинэ хэлбэрээр явуулж буйг онцлоод, гол нь хэрэгжүүлэх гэрээ төсөл нь үр дүнд суурилсан, тухайн орны иргэд өөрсдөө эзний ёсоор хандах учиртайг тэмдэглэсэн юм.
“Төсөл, гэрээний хүрээнд
баригдах хатуу дэд бүтцээс гадна гэрээний үйл ажиллагаанд сайн бодлого бүхий
сайн засаглал хэрэгжих учиртай”-г тэрээр онцолж байв. Тиймээс гэрээ
хэрэгжихийн өмнө авлига, хээл хахууль, санхүүгийн луйврын эсрэг баримталдаг
зарчим, журам аргачлалын тухай, мөн гэрээг хэрэгжүүлэхэд оролцох гадна, дотны байгууллага, ААН-үүдэд сургалт явуулахаар болсныг МСК-иас мэдээлсэн юм.
Сургалтыг зохион байгуулахаар манай улсад АНУ-ын МСК-ын Авлига, хээл хахууль, санхүүгийн луйвартай тэмцэх асуудал хариуцсан ахлах захирал Кристофер П.Уильямс ирээд байна. Тэрээр өнөөдрийн хэлэлцүүлэгт оролцон үг хэлэхдээ, “Аливаа гэрээг хэрэгжүүлэхэд юуны өмнө авлига, хээл хахууль, санхүүгийн луйврын эсрэг баримталдаг зарчим, журам аргачлалын гол үндсэн шаардлага нь гэрээний үйл ажиллагаа ил тод байж, сайн засаглалын зарчим үйлчилж байх ёстой”-г тодотгов. Монголын МСС-гийн Гүйцэтгэх захирал Э.Содонтогос үүнийг бататгаж, “Монголд хэрэгжүүлэх гэрээ авлигаас ангид байх учиртай” гэсэн юм.
Уулзалтад ил тод байдал, сайн засаглалын чиглэлээр ажилладаг “Транспарэнси интернэшнл”, Нээлттэй нийгэм хүрээлэн, “Ил тод байдал сан”, “Де факто” институц, МҮХАҮТ зэрэг ТББ, иргэний нийгмийн төлөөлөл болон сэтгүүлчид оролцлоо.
Б.Болд