Хуучин дугуй оруулж ирэхийг хориглохыг уриаллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2019-11-18 16:05:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улсад аюултай хог хаягдлыг дэвшилтэт технологиор зориулалтын дагуу, бүсчилсэн байгууламжид устгах шаардлага тулгарч байна.

Энэ талаар Монголын Байгаль орчны иргэний зөвлөл (МБОИЗ)-өөс өнөөдөр мэдээллээ. Тус байгууллагын тэргүүн Б.Эрдэнэ, “Манай улс гадаадаас хуучин дугуй, тавилга, эд хэрэгсэл, хувцас хунар авахыг зогсоохгүй бол Монгол Улс бусад улс орны хуучин хог хаягдлын цэг болох нь” гэдгийг онцлон анхааруулж байв.

Тиймээс электрон бараа бүтээгдэхүүн, хуучин автомашин импортлогчид, мөн уул уурхай, хүнд хөнгөн үйлдвэрлэл эрхлэгч үйлдвэр, ААН-үүд нийгмийн хариуцлагын хүрээнд хог хаягдлаа эргүүлэн татдаг механизмыг худалдааны гэрээндээ хатуу тусган хэрэгжүүлэхийг байгаль орчны иргэний нийгмийн байгууллагууд, ТББ-ууд уриалж байна гэв. Учир нь аюултай хог хаягдал гаргаж байгаа болон импортолж буй үйлдвэр, ААН-үүд бохирдуулагч нь төлөгч байх хуулийн дагуу ажиллах ёстойг сануулж байлаа. 

МБОИЗ-ийн Удирдах зөвлөлийн гишүүн Ж.Ганбаатар энэ талаар ҮАБЗ анхаарч, хянахыг шаардаж байгаагаа мэдэгдлээ. Тэрээр манай орны нөхцөлд аюултай, хортой хог хаягдлыг энгийнхтэй хамт цуглуулж тээвэрлэн хаяж байгаа нь байгаль орчны тэнцвэрт байдлыг алдагдуулж, хүн амд хортойгоор нөлөөлж буйд нэн тэргүүн анхаарч, хог хаягдлын менежментийг сайжруулах хэрэгтэй байна гэв.

Манай улсын нэг иргэн өдөрт дунджаар 2.6 кг хог хаядаг нь дэлхийд 16-р байрт жагсах үзүүлэлт юм байна. 

Тодруулга: Аюултай хог хаягдалд тэсрэмтгий, шатамхай, идэмхий, урвалын идэвхтэй, исэлдүүлэгч, агаар болон устай харилцан үйлчилж, хортой хий ялгаруулдаг бодис бүхий бараа, бүтээгдэхүүн ордог байна. Тухайлбал, хуруу зай нь ойр орчмын 4 ам м газрыг 8 жил нөхөж баршгүйгээр хордуулдаг байна. 



Б.Болд

Гэрэл зургийг Н.Батбаяр 

Холбоотой мэдээ