Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэргэжилтэн бэлтгэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-11-11 15:12:37

Ховд /МОНЦАМЭ/. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй |ХАБЭА|-н мэргэжилтэн бэлтгэх сургалт 11 дүгээр сарын 6-10-ны өдөр Ховд аймагт болов.  

Энэхүү сургалтыг Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, “Дарь-Овооны эзэд” ТББ хамтран “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний тав дахь хөтөлбөр”-ийн хүрээнд зохион байгуулснаараа онцлогтой.

ХАБЭА-н мэргэжилтэн бэлтгэх сургалтад дулааны станц, барилгын компани, шатахуун түгээх станц, нисэх онгоцны буудал зэрэг байгууллагын 15 ажилтан оролцсон бөгөөд 11 дүгээр сарын 11-ний өдөр сертификат гардан авав.  

Үүнээс гадна Жаргалант суманд үйл ажиллагаа явуулж буй байгууллага, аж ахуйн нэгжийн нийт ажилтнуудад зориулсан ХАБЭА-н сургалт зохион байгуулснаар 10 гаруй байгууллагын 80 ажилтан оролцсон юм.

Тус сургалтын хүрээнд хөдөлмөр эрхэлж байгаа иргэн, ажилтны амь нас, эрүүл мэндийг хамгаалах төрийн бодлого, үндсэн зарчим, стандартыг танилцуулж, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчин үүсч байгаа хүчин зүйл, шалтгааныг бууруулах, осол гэмтлээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн мэдлэг, ур чадварыг нийт оролцогчдод эзэмшүүлснээрээ чухал ач холбогдолтой.  

Сургалтын үр дүнд орон нутгийн албан байгууллага, аж ахуйн нэгжийн ажилтнууд өдөр тутам хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зарчим, стандартыг мөрдөн ажиллах боломж бүрдсэн төдийгүй хамт олондоо аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх, аливаа эрсдэлээс хамтдаа сэргийлэх давуу тал бий болж байгааг оролцогчид хэлж байлаа.

Холбоотой мэдээ