Говь-Алтай аймгийн Орон нутгийг судлах музейгээс мэдэгдэл гаргалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2019-11-07 20:38:50

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн Орон нутгийг судлах музейг аль нэг алдартны нэрэмжит байгаад өөрчилсөн, танхимыг татан буулгасан мэт мэдээлэл тавьж олон нийтийг төөрөгдүүлэхгүй байхыг тус байгууллагаас хувь хүн, хэвлэл мэдээллийн байгууллагуудад 11 дүгээр сарын 7-ны өдөр албан ёсоор мэдэгдлээ.

Уг мэдэгдэлд сүүлийн өдрүүдэд Төрийн хошой шагналт, эрдэмтэн, зохиолч Ч.Лодойдамбын нэрэмжит байсныг УИХ, Засгийн газрын гишүүн агсан Ц.Дашдоржийн нэрэмжит болгон өөрчилсөн мэтээр улс төржсөн, ташаа мэдээлэл тарааж, ард иргэдийг төөрөгдүүлж байна. Манай байгууллага нь аль нэг алдартны музей биш бөгөөд Байгаль газарзүй, Түүх угсаатан, Шашин, Бахархал хүндэтгэлийн гэсэн дөрвөн тасагтай. Бахархал хүндэтгэлийн тасагт Ч.Лодойдамба, П.Жасрай, Ж.Авхиа, Ш.Жадамбаа, Т.Баатар, Ц.Дашдорж гэх мэт аймгаас төрсөн алдартнуудад холбогдох эд өлгийн болон баримтат өвийн зүйлс дэглэгдсэн байдаг хэмээн дурджээ.

Говь-Алтай аймгийн музей 1947 онд Орон нутгийг судлах кабинет нэртэйгээр байгуулагдаж 1967 оноос музей болон өргөжжээ. Тус аймгийн Орон нутгийг судлах музей өнөөдөр нийт 2537 нэгж үзмэртэй. Байгаль газар зүй, түүх угсаатан, ардын урлаг, хүндэтгэлийн гэсэн дөрвөн танхим 10 тасагт 1600 шахам үзмэрийг дэлгэн сурталчилдаг юм.


Холбоотой мэдээ