АНУ Сирийн газрын тосны ордуудын ойролцоо цэргийн хоёр бааз байгуулж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-11-06 11:30:51

АНКАРА. /Anadolu/. Сирийн газрын тосны ордуудын ойролцоо АНУ-ын Зэвсэгт хүчин цэргийн хоёр бааз барьж эхэлсэн тухай эх сурвалжуудын мэдэгдсэнийг “Anadolu” агентлаг иш татан мэдээлжээ.  


Тус агентлагийн мэдээлснээр, барилгын ажил Сирийн зүүн нутгийн Дейр-эз-Зор мужид явагдаж байгаа бөгөөд АНУ тус муж руу 250-300 хүнтэй нэмэлт цэргийн анги болон цэргийн хэд хэдэн техник хэрэгсэл, зэвсэг илгээсэн байна.   

Барилга орчимд АНУ тэргүүтэй олон улсын эвсэл нэмэлт цэргээ цуглуулж байна хэмээн телевизийн “Al Arabiya” суваг мэдээлжээ.


Туркийн армийн цэргийн анги салбар Сирийн хойд нутагт 10 дугаар сарын 9-нээс хойш байрлаж байгаа юм. Жийргэвч бүс байгуулахаар тэнд “Энх тайвны эх үүсвэр” ажиллагааг эхлүүлж байгаагаа Туркийн эрх баригчид өмнө нь мэдэгдэж байсан. Энэ ажиллагааны үеэр Туркийн эрх баригчид  Рас-эль-Айн болон Телль-Абъяд хот хоорондын нутаг дэвсгэрт хяналтаа тогтоосон байна.


Үүнтэй холбоотойгоор Сирийн хойд нутгаас мянга орчим цэргээ гаргаж эхлээд байгаагаа АНУ-ын Батлан хамгаалахын сайд Марк Эспер өнгөрсөн сарын 13-нд мэдэгдсэн билээ. Аравдугаар сарын 16-нд АНУ тэргүүтэй олон улсын эвслийн хүчин Сирийн  хойд нутгийн Алепло хотоос 150 км зайд байрлах Кобани хот орчимд байрлаж байсан цэргийн баазаа бүрэн устгасан юм.


Үүний дараа буюу 10 дугаар сарын 28-нд М.Эспер мэдэгдэхдээ “АНУ “Лалын улс” бүлэглэлийн террористуудаас газрын тосны ордуудыг хамгаалах зорилгоор Сирийн хойд нутагт нэмэлт хүчээ илгээх төлөвтэй байна” гэсэн юм. 

Холбоотой мэдээ