Сэлэнгэ аймгийн үйлдвэрүүдийг бүртгэж тоолно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2016-04-14 16:34:30

Аж үйлдвэрийн салбарын цахим мэдээллийн сан, үйлдвэрийн улсын тооллогын нээлт маргааш Сэлэнгэ аймагт болох гэж байна.

Энэхүү үйл ажиллагаанд АҮ-ийн яамны стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Д.Баттогтох, АҮЯ-ны стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын Салбарын хөгжлийн бодлого зохицуулалтын хэлтсийн дарга Д.Эрдэнэбаяр нар оролцох юм. Энэ үеэр аж үйлдвэрийн салбарын цахим мэдээллийн сан, үйлдвэрийн улсын тооллогын талаар мэдээлэл өгч, улсын хэмжээнд амжилттай үйл ажиллагаа явуулж байгаа Хөтөлийн “Цемент шохой”, Дарханы “Төмөолөгийн үйлдвэр”, “Монгол базальт” зэрэг компаниудын туршлагыг хэлэлцэх аж. Мөн энэ өдөр “Монголд үйлдвэрлэв” шилдэг үйлдвэрүүдийн бүтээгдэхүүний танилцуулга, үзэсгэлэн худалдаа зохион байгуулах бөгөөд жижиг дунд үйлдвэрийн зээл болон Сум хөгжүүлэх сангийн журмын талаар Жижиг, дунд үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Г.Билгүүн мэдээлэл өгөх юм.

Энэ үеэр хүнд, хөнгөн, жижиг дунд үйлдвэрийн чиглэлээр орон нутагтай хамтарч ажиллах боломжууд сэдвээр асуулт хариулт явагдах юм байна. Энэхүү үйл ажиллагааны хүрээнд Сэлэнгэ аймгийн үйлдвэрүүдийг бүртгэж, явцын талаар танилцуулга хийх бөгөөд үр дүнг хэлэлцэж шанал гардуулах юм байна.

Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг

 

Холбоотой мэдээ