Архи, согтууруулах ундаа худалдан борлуулагчидтай уулзалт хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2019-10-31 12:06:22

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ, Хууль, эрхзүйн хэлтсээс Арвайхээр суманд үйл ажиллагаа явуулж буй согтууруулах ундаа худалдаалах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөлтэй уулзалт хийлээ.

Энэ үеэр аймгийн ИТХ-ын 2018 оны 07/05 дугаар тогтоолоор баталсан “Аймгийн худалдаа, үйлчилгээний цэгүүдэд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох, хүчингүй болгох, хяналт тавих журам”-ыг танилцуулав. Мөн Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газраас мэдээлэл, зөвлөгөө өглөө.

Энэ жилийн байдлаар аймгийн хэмжээнд архи, согтууруулах ундаа худалдаалах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл бүхий 503 цэг байгаагаас 441 нь худалдааны, 62 нь үйлчилгээний цэг юм. Мөн үүнээс 174 нь Арвайхээрт үйл ажиллагаа явуулж байна.

2018 оны жилийн эцсийн тооллогоор Өвөрхангай аймаг 116645 хүн амтай бөгөөд архи согтууруулах ундааны зүйл худалдан борлуулдаг, түүгээр үйлчилдэг цэгийн тоонд хувааж үзвэл 1 цэгт 231.9 хүн ногдож байна. Үүнээс  0-19 насны 45995 иргэнийг хасч тооцоход нэг цэгт 140 хүн ногдож байгаа юм.

Тиймээс цаашид мэргэжлийн байгууллагууд нэгдсэн хяналт, шалгалтыг хэрэгжүүлж, стандартын шаардлага хангахгүй цэгүүдийн зөвшөөрлийг хүчингүй болгох, хүн амын тоонд тохируулан хязгаарласан байдлаар зөвшөөрөл олгож байхаар журамд тусгаж өгөх, худалдаанд гарч байгаа архи болон архины хэрэглээний талаар хөндлөнгийн байгууллагаар судалгаа хийлгэх зэрэг олон саналыг хэлэлцүүлэгт оролцсон байгууллагуудаас тавив.

Холбоотой мэдээ