Бага ангийн хүүхдээ даган малчин эхчүүд сумын төвд амьдарч байна

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2019-10-28 21:43:04

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга С.Амраагаар ахлуулсан ажлын хэсэг Бөхмөрөн суманд ажиллаж, малчин өрхийн хүүхдэд бага боловсрол олгоход тулгамдаж байгаа асуудал, түүнийг шийдвэрлэх арга замын талаар хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Тус хэлэлцүүлэгт сумын удирдлагууд, холбогдох салбарын ажилтнууд, малчин эцэг эхчүүд, сумын төв дээр хүүхдээ даган түр хугацаагаар амьдарч байгаа эхчүүд, сумын Ахмадын холбоо, Эмэгтэйчүүдийн холбоо зэрэг төрийн болон ТББ, иргэдийн төлөөлөл 50 гаруй хүн оролцсон байна. Хэлэлцүүлэгт оролцсон хүн бүр энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар санал бодлоо илэрхийлж, ажлын хамтын уялдаа холбоог сайжруулахаар болсон байна.

Бөхмөрөн сумын хэмжээнд бага ангийн хүүхдээ даган сумын төвд 34 эх гэр бүлээсээ тусдаа амьдарч байгаа бол бага ангийн 51 хүүхэд айлд амьдарч байгаа судалгаа гарчээ. Малчин эмэгтэйчүүд бага насны хүүхдээ сургахаар сумын төвд амьдарч, эрчүүд нь дангаар мал маллах байдал түгээмэл болж байгаа нь тэдгээр эрэгтэйчүүдийн эрүүл мэнд, аюулгүй байдлын эрсдэлийг нэмэгдүүлээд зогсохгүй, гэр бүлийн харилцаанд сөргөөр нөлөөлж байгаа аж.

Энэ эрсдэлийг бууруулахын тулд Бөхмөрөн сумын сургуулийн дотуур байр бага ангийн хүүхдийг сургуульд дасан зохицуулах зорилгоор эцэг, эхийн өрөөг тохижуулан, хэсэг хугацаанд хамт амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлж өгсөнд хүүхдүүд, эцэг эхчүүд баяртай байна. Тус ажлын хэсэг Бөхмөрөн суманд ажиллах үеэр дотуур байрны хүүхдүүд, багш нартай уулзалт ярилцлага зохион байгуулж, санал бодлыг нь сонсож, хамтран ажиллах үүрэг чиглэл өгчээ.

Холбоотой мэдээ