Батсүмбэр сум 160 хүүхдийн дотуур байртай боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВТөв /МОНЦАМЭ/. Төв аймгийн Батсүмбэр суманд сурагчдын дотуур байр ашиглалтад орж малчдын хүүхдүүд тав тухтай орчинд сурч амьдрах боломж бүрдэж байна.
Сурагчдын дотуур байрыг улсын төсвийн хөрөнгөөр "Баян дөрвөлж" барилгын компани барьж ашиглалтад хүлээлгэн өгсөн байна. Тус байрны зардалд 1,6 тэрбум төгрөгийг төсвөөс шийдэж өгчээ.
160 хүүхдийн дотуур байр төвийн нэгдсэн шугамд холбогдсон байна. Харин бохир усны асуудлыг жилдээ нэг удаа соруулах технологиор шийдсэн ажээ.
Мөн Батсүмбэр суманд 920 хүүхэд хүлээж авах хүчин чадалтай сургуулийн байрыг улсын төсвийн хөрөнгөөр барихаар 8,4 тэрбум төгрөгийг төсөвт суулгаснаас энэ жил 1,1 тэрбум төгрөгийг шийдэж өгчээ.
Сургуулийн байрны суурийн ажлыг эхлүүлээд байгаа тухай тус сумын Засаг даргын орлогч Ц.Булган мэдээллээ.
Төв аймгийн Батсүмбэр сум 7000 гаруй хүн амтай томоохон сумдын нэг. Өнөөдрийн байдлаар ЕБС-д нийт 1350 хүүхэд суралцаж, дотуур байранд 280 хүүхэд хамрагдаж байгаа аж.
“Хүүхдэд ээлтэй дотуур байр” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2016 оноос ЕБС-ийн дэргэд шинээр 8 дотуур байрыг барьж ашиглалтад оруулснаар хүчин чадал 765 ороор нэмэгдсэн байна. Мөн улсын төсвийн 191.2 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 27 сумын 19 дотуур байрны зөөлөн эдлэлийг шинэчилснээр дотуур байрууд 100 хувь зөөлөн эдээр хангагджээ.
Мөн дотуур байруудыг ариун цэврийн байгууламжтай болгох ажлыг
шат дараатай хэрэгжүүлэн ажилласнаар одоогийн байдлаар энэхүү дэд хөтөлбөрийн
хэрэгжилт 95 хувьд хүрчээ.