НҮБ-ын тайлангийн хурлыг 11 дүгээр сард Завхан аймагт хийхээр төлөвлөжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2019-10-15 18:05:30

Завхан /МОНЦАМЭ/. Хүүхдийн хөгжил хамгааллын талаарх НҮБ-д мэдээлдэг үндэсний тайланг энэ жил "Хүүхдийн хоол тэжээл"-ийн чиглэлээр тавих бөгөөд уг тайлант хурлыг 11 дүгээр сарын сүүлээр Завхан аймагт хийхээр төлөвлөжээ.

НҮБ-ын Хүүхдийн сангаас Завхан, Говь Алтай ,Баянхонгор, Өмнөговь, Баянзүрх дүүрэгт хэрэгжиж байгаа "Хүүхдэд ээлтэй орон нутаг" төслийн дунд шатны хэрэгжилтийн тайлан хурал өнөөдөр Улаабаатар хотод болсон байна. Уг төсөл нь өсвөр үе хүүхдийн эрүүл мэнд, хөгжил хамгаалал, тэгш боловсрол, ундны усны хангамж хэрэглээ зэрэг чиглэлээр хэрэгжиж байгаа юм. Төслийн хэрэгжилтийн үр дүнгийн тайлангаар Завхан аймгийг хүүхдэд чиглэсэн үйл ажиллагааны төсөвлөлтөө нэмэгдүүлснийг сайшаасан. Мөн сар бүрийн 1-ний өдрийг "Хүүхдээ сонсдог өдөр" болгосон талаарх мэдээллийг сонсоод Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны зүгээс талархаж байгаагаа илэрхийлж бусад аймгийг хэрэгжүүлэхийг уриаллаа хэмээн тус тайлан хуралд оролцож буй аймгийн Засаг даргын орлогч Б.Ариунаа мэдээлжээ.

Энэхүү төсөл цаашид 2.5 жилийн хугацаанд үргэлжлэн хэрэгжинэ. Ташрамд дуулгахад өнгөрсөн 9 дүгээр сард Завхан аймагт Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хүүхдийн сангаас 2017-2021 онд хэрэгжүүлж буй “Улс орны хөтөлбөр”-ийн дунд хугацааны үнэлгээний зөвлөлдөх уулзалт болсон билээ. 2018 онд НҮБ-ын Хүн амын сан, Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр Монгол Улсын Засгийн газар Үндэсний статистикийн хороотой хамтран “Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаа”-г 180 орчим үзүүлэлтээр таван аймаг, хоёр дүүрэгт хийжээ. Үүний нэг нь Завхан аймаг юм. Энэхүү зөвлөлдөх уулзалтаар тус судалгааны үр дүнг танилцуулж, 2017 оноос хойш хэрэгжүүлсэн ажлыг үнэлж, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд тулгарч буй саад бэрхшээл, цаашид хийх өөрчлөлтийн талаар хэлэлцсэн юм байна.


Хүүхдийг эрүүл аюулгүй орчинд сурах боломжийг олгожээ

Хүүхдэд ээлтэй орон нутаг төслийн хүрээнд тус аймаг хүүхдэд ээлтэй аймаг байх зорилт дэвшүүлэн ажиллаж, “Оюунлаг Завханчууд” хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд хүүхдийн эрхийг хамгаалах, эрүүл, аюулгүй орчинд амьдарч, сурч боловсрох олон шинэлэг ажлыг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Тухайлбал, сум бүр хүүхдийн нарийн мэргэжлийн эмчтэй болохыг зорьж одоогоор 17 суманд мэргэжлийн эмч ажиллаж байна. “Сайн малчин” дэд хөтөлбөрийн хүрээнд малчны зургаан настай хүүхдүүдийн “Гэр өргөө”-г хөдөөгийн 23 сумандаа байгуулснаар хүүхдүүд асрагч багшийн байнгын хараа хяналт дор, гэртээ байгаа мэт тохилог, тав тухтай орчинд амьдардаг болжээ. Тэд үеийнхээ хүүхдүүдтэй амьдарч, хөгжиж, бие даах чадварт суралцаж байна. Аймгийн Засаг даргын захирамжаар сар бүрийн 1-ний өдрийг албан байгууллагууд “Хүүхдээ сонсох өдөр” болгон зарлаж, хүүхдийн үзэл бодол, санал хүсэлт, шүүмжлэлийг хүндэтгэн хүлээн авч, харилцан ярилцаж хамтдаа шийдвэрлэхийг зорин ажиллаж байгаа ажээ. 

Холбоотой мэдээ