“Талын түмэн адуу-2019” зургаа дахь жилдээ болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2019-10-17 10:09:23

Хэнтий /МОНЦАМЭ/ "Мөнх харилцаа" ТББ-ын санаачилгаар "Талын түмэн адуу" наадмыг зургаа дахь жилдээ Хэнтий аймгийн Батноров суманд 11 дүгээр сарын 1-3-нд зохион байгуулна.

Тус наадмыг БОАЖЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар, Нийслэлийн аялал жуулчлалын газар, Батноров сумын ЗДТГ, "Эргэх холбоо" ТББ, Хэнтий аймгийн нутгийн зөвлөл, Батноров сумын нутгийн зөвлөл дэмжин ажиллах юм.

Эзэн богд Чингис хааны өлгий Хан Хэнтий нутаг дэлхийн жуулчид, аялагчдын сонирхлыг ихэд татсаар ирсэн. Тиймдээ ч Монгол Улсын Засгийн газраас Хэнтий аймгийг Түүхэн аялал жуулчлалын бүс нутаг болгон зарласан билээ. Үүнийг даган тус нутагт аялал жуулчлал жил ирэх тусам хөгжсөөр байна. Ийнхүү Хэнтий аймгийг түүхэн аялал жуулчлалын бүс нутаг болгон зарлахаас өмнө хэдийнэ олон улсад Хэнтий нутгаа сурталчлан таниулж ирсэн шинэлэг үйл ажиллагаа бол жил бүр Батноров суманд уламжлал болгон зохион байгуулдаг “Талын түмэн адуу” өвлийн наадам юм.

Тус наадмыг Батноров сумын уугуулМөнх харилцаа” ТББ-ын тэргүүн Э.Цэрэнбат  санаачлан амжилттай зохион байгуулж иржээ. Эрс тэрс уур амьсгалтай манай орны хувьд тэр бүр өвлийн улиралд аялал жуулчлалын хөл хөдөлгөөн татрах нь бий. Харин Э.Цэрэнбатын санаачилсан энэхүү өвлийн наадам Хэнтий аймагтаа төдийгүй Монгол Улсдаа ч анхдагч юм.

Морьтон Монголынхоо малчин ахуй, биет бус соёлын өвийг хадгалах, таниулан сурталчлах зорилготой “Талын түмэн адуу- 2018” наадмыг тав дахь удаагаа өнгөрсөн оны 11 дүгээр сард зохион байгуулсан. Гурван өдрийн хугацаанд 2000 орчим дотоод, гадаадын жуулчид ирснээс Герман, АНУ, Их Британи, Австрали, Польш, Франц, Хятад, Япон, Монгол зэрэг 15 орны жуулчид наадмыг зорин иржээ.

Тус наадмын тухай 2018 оны хавар, зуны турш БНХАУ-ын Өвөрмонголын “Одон” телевиз гурван ангит нэвтрүүлэг бэлтгэн нийт 54 сая үзэгчдэд хүргэсэн байна. Үүний үр дүнд хувь болон компаниар дамжуулан наадмыг зорих ӨМӨЗО-ы жуулчдын урсгал ихээр нэмэгдсэн байна. Тус үйл ажиллагааны хүрээнд орон нутагт 50 гаруй сая төгрөгийн биет болон биет бус эдийн засгийн үр өгөөж өгч, нутгийн брэнд бүтээгдэхүүн болох урчуудын бүтээсэн эмээлийн гөлөм, дэвс, гутал болон дархцуулын урласан мөнгөн эдлэл ташуур, уурганы хуйв зэрэг адууны эдлэл хэрэглэлийн худалдаанаас гэхэд л 19 сая төгрөгийн борлуулалт хийжээ.


Холбоотой мэдээ