Хятадын зартай луйварчдын нэг сайн дураараа баривчлагджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2016-04-12 15:11:55

БЭЭЖИН. /Xinhua/. Хятадад хамгийн ихээр эрэн сурвалжлагдаж буй 10 гэмт хэрэгтний нэг болох Тань Дунхуэй гэгч этгээд сайн дураараа баривчлагджээ. Тэрбээр интернэт, харилцаа холбооны салбарт луйвар хийсэн хэрэгт сэжиглэгдэж байгаа юм. 

Төрөл бүрийн технологи ашиглан луйвар хийсэн хэрэгт сэжиглэн хамгийн ихээр эрэн сурвалжилж буй 10 хүний нэрийг Хятадын Нийгмийг аюулаас хамгаалах яам ням гарагт нийтэлж, гэмт этгээдүүдийн талаар мэдээлэл өгсөн хүнд 50 мянган юанийн /7700 доллар/ шан харамж амласан байна.

39 настай Тань Дунхуэй Хятадын Хунань мужийн эрх баригчдад даваа гарагт сайн дураараа бууж өгчээ. Тэрбээр зартай 10 луйварчны нэрсийг нийтэлснээс хойш ердөө ганцхан өдрийн дараа өөрийн биеэр цагдаагийн газарт очжээ.

Тэрбээр 2013 оны долдугаар сард Зянсу мужид өөрийн ажиллаж байсан компанийн данснаас хувийнхаа данс руу 773 мянган долларыг хууль бусаар шилжүүлсэн хэрэгт сэжиглэгдэж байгаа аж.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ