Хятадын гүний худгуудын ус чанарын шаардлага хангадаггүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2016-04-12 14:49:39

БЭЭЖИН. /VOA/. Хятадын гүний усны худгуудын 80 гаруй хувь нь стандартын шаардлага хангахгүй байна. Өөрөөр хэлбэл, ус асар ихээр бохирдсоны улмаас эдгээр худгуудаас татаж авсан усыг уух болон усанд ороход хэрэглэх нь чанарын хувьд эргэлзээ төрүүлж байна гэсэн үг. Үүнийг Хятадын хэвлэлүүдэд гарсан статистик судалгааны дүн харууллаа.

Судалгаанд дурдсанаар, нийт 2103 худгаас усны дээж авахад тэдгээрийн 32,9 хувийнх нь усны чанар 4 гэсэн түвшний үзүүлэлттэй байжээ. Энэ нь зөвхөн үйлдвэрлэлийн зорилгоор ашиглаж болно гэсэн үг юм. Харин худгуудын 47,3 хувь нь усны чанар бүр ч муу буюу 5 гэсэн үзүүлэлттэй байжээ. 

“Миний бодлоор, энэ судалгаа нь Хятадад тулгарч буй хамгийн том экологийн асуудал бол усны чанар мөн  гэдгийг харууллаа. Хотын оршин суугчид өдөр бүр агаарын бохирдлыг мэдэрч байдаг, харин усны бохирдол ямар хэмжээнд хүрснийг төдийлөн анзаардаггүй” гэж Их Британийн Ийст Англиа их сургуулийн профессор Дабо Гуан ярьж байна.

Хятадын Усны нөөцийн яамнаас гаргасан статистик мэдээллээр бол, усны эх үүсвэр болгон ашиглаж буй нууруудын усны 70 хувь, гүний усны 60 хувь, усан сангуудын усны 11 хувь нь тус улсад тогтоосон чанар, эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлагыг хангахгүй байгаа аж.

Харин зарим шинжээчдийн үзэж байгаагаар, дээрх статистик үзүүлэлт бол зөвхөн хөрсний давхаргад ойрхон байгаа усны эх үүсвэрүүдэд хийсэн судалгааны дүн аж. Олон нийтийн болон экологийн судалгааны хүрээлэнгийн захирал Ма Жүн хэлэхдээ “ихэнх хотуудын хувьд дээрх худгуудтай харьцуулахад олон зуу, магадгүй мянган футын илүү гүнээс усаа татдаг. Бохирдсон гүний ус хэрэглэдэг хотууд цөөхөн бий” гэжээ.

Хятадын Үндэсний радиогийн мэдээлснээр, тус улсын Усны нөөцийн яамнаас энэ 2016 оныг усны менежментийг сайжруулах үүднээс хэд хэдэн зохицуулалт хийхээр төлөвлөж байна.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ