Ө.Энхтүвшин: Засгийн газар агаарын бохирдлыг бууруулах бодлогоос ухрахгүй
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы хуралдаанаар УИХ-ын
гишүүн С.Бямбацогтоос Сайжруулсан
түлшний хэрэглээний талаар Эрчим хүчний сайдад тавьсан асуулгын хариуг сонслоо.
Асуулгын хариуг Шадар сайд Ө.Энхтүвшин танилцууллаа. Нийслэлийн гэр
хороолол 220 мянган өрхтэй бөгөөд нэг өрх жилд дунджаар 4-5 тонн түүхий нүүрс
хэрэглэж байв. Энэ нь нийслэлийн агаарын бохирдлын 80 гаруй хувийг үүсгэж
байсан юм. Засгийн газраас 2018 онд агаарын бохирдлыг бууруулахын тулд түүхий
нүүрс хэрэглэхийг хориглох, агаарын бохирдлыг бууруулах тогтоол батлан
хэрэгжүүлж, Гэр хорооллын иргэдэд цахилгаан халаагуур байршуулах, байшин сууцны
дулаалгын Ногоон зээл хөтөлбөрийг арилжааны банкуудтай хамтран хэрэгжүүлж
байна. Нийслэлд ажиллаж байгаа 68 халаалтын зуухыг 2017- 2018 оны төсвийн
хөрөнгө оруулалтаар төвлөрсөн дулаанд холбосноор түүхий нүүрсний хэрэглээг 52
мянга 300 тонноор бууруулжээ. Гэр хороололд байрлах 21 сургууль, цэцэрлэгийн
зуухыг, цахилгаан холбох ажил хэрэгжиж байна. Эрчим хүчний
зохицуулах хорооноос 2018 онд нийслэлийн гэр хорооллын хэрэглэгчдийн
21.00-06.00 цагийн хоорондох хэрэглээг 100 хувь хөнгөлөлттэй үнээр түгээх
шийдвэр гаргасан. Үүний дагуу 2018 онд иргэд 11.5
тэрбум төгрөгийн тарифын хөнгөлөлт
эдэлжээ. 2019 оны арваннэгдүгээр сарын 1-ээс тарифын хөнгөлөлт эхэлнэ. Нийслэлд
хэрэглэдэг 1.1 сая тонн түүний нүүрсийг 600 мянган тонн сайжруулсан түлшээр
орлуулах ажлыг эхлүүлснийг Шадар сайд Ө.Энхтүвшин мэдээлэв.
Тэрбээр, “Сайжруулсан түлшийг зургаан дүүргийн 332 борлуулалтын цэгт 66
мянга 328 тонн түлш хүргэснээс 25 мянган тонныг борлуулсан. Одоо 464.1 тонн
түлшийг түгээх ажлыг зохион байгуулж байгаа бөгөөд түлш худалдан авах 210
мянган картыг тараажээ. Сайжруулсан түлшнээс иргэд угаартаж, иргэд нас
барсантай холбогдуулан Нийслэлийн онцгой комисс хуралдаж, тодорхой чиглэл гарган
ажиллаж байна. 2019 оны аравдугаар сарын 3-10-нд угаарын хордлогын улмаас 77
өрхийн 169 хүн, үүнээс 73 хүүхдэд эмнэлгийн тусламж үзүүлсэн. Насанд хүрсэн 20,
таван хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа. Энэ өдрүүдэд зургаан хүн, бага насны хоёр
хүүхэд нас барсан туйлын харамсалтай хэрэг гарлаа. Сайжруулсан түлш борлуулдаг
17 цэгээс 23 дээж авч, лабораторид шинжлүүлж, дүнг нь танилцуулсан. Мөн
ОХУ, Солонгос, Япон улсад шинжлүүлэхээр явуулсан. Иргэдэд зуухны аюулгүй
ажиллагааны
зөвлөмжийг тасралтгүй хүргэж
байна. Засгийн газрын хуралдаанаар 220 мянган өрхөд угаарын дохио мэдрэгчийг
ирэх арваннэгдүгээр сарын 1-ээс өмнө төлбөргүй тараах шийдвэр гаргасан. Засгийн газар агаарын бохирдлыг
бууруулах бодлогоос ухрахгүй”
хэмээв.
Мэдээллийн дараа УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэллээ. Тухайлбал, УИХ-ын
гишүүн Д.Эрдэнэбат, “Хүний амь эрсдэнэ гэдэг бол хамгийн харамсалтай зүйл. Тавантолгойн
нүүрсний азот, нүүрсхүчлийн хэмжээ өндөр байхад яагаад заавал энэ нүүрсийг
сонгосон бэ” хэмээн тодруулав.
Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, “Сайжруулсан түлш хортой гэж байгаатай санал
нийлэхгүй. Шахмал түлшний стандартыг 2014 оноос баримталж, 2017
онд үйлдвэр байгуулсан. Түүхий нүүрсийг шатаахад гардаг байсан хавдар үүсгэгч
бодисууд шахмал түлшинд байхгүй. Шахмал түлшийг Япон, АНУ ашиглаж байсан. Гэр
хорооллын дийлэнх айл хэрэглэж байгаа. Хүн угаартсан асуудалд эрүүгийн хэрэг үүсгээд шалгаж байгаа. Энэ онд нийт
86 дуудлага ирснээс таван тохиолдолд хэрэг үүсгэж шалгаж байгаа” гэлээ.
УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, “Цагдаагийн байгууллагаас мэдээлэл авахад угаар хуучирсан зуух, яндан, сойлтуур, ханан пийшингээс үүдсэн байна. Цаашид ийм асуудал гаргахгүй байхын төлөө Засгийн газар ажиллаж байна. Манай шүүхийн шийдвэрийн байгууллага нүүрс түлдэг 27 уурын зуухтай. Эдгээрт сайшруулсан шахмал түлш туршихад утаа ялгаруулах хэмжээ 40 хувь буусан гэсэн дүгнэлт гарсан. Шахмал түлшийг Монголын лабораториудад шинжлүүлснээс гадна гадаадын лабораториудад мөн явууллаа” гэв.
Хэлэлцэж буй асуудлын төгсгөлд УИХ-ын дарга Г.Занданшатар Засгийн газар
болон агаарын бохирдлыг бууруулах чиглэл өглөө. Тэрбээр, “Агаарын бохирдлыг
бууруулах бодлогод хяналт тавих оролцогч талуудын хөндлөнгийн зөвлөл байгуулахыг
чиглэл болгож байна. Мөн Азийн хөгжлийн банкнаас гаргасан “Улаанбаатар хотын агаарын
бохирдолын эсрэг тэмцэлд ялах нь” судалгаа, зөвлөмжийг судлан, богино болон урт
хугацааны бодлогуудын талаар дүгнэлт гаргах ёстой"хэмээв.