З.Бауыржан: Ихэнх ААН ослыг нуун дарагдуулж байгаа нь нууц биш

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2019-10-02 17:51:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Нэн түрүүнд ХАБ-2019” бага хурал Корпорэйт конвеншн” төвд хоёр дахь өдрөө үргэлжиллээ.  “Оюу толгой” ХХК, Мэргэшсэн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн Мэргэжилтнүүдийн холбоо (МОШПА), “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ хамтран зохион байгуулж буй энэ жилийн бага хурал хөдөлмөрийн аюулгүй байдлын стандарт дүрмийг ойлгуулж мөрдүүлэх, зөвлөгөө өгөх зорилгоор “Аюулгүй байдалд манлайлах нь” уриатай боллоо.

Хурлын үеэр улсын хэмжээнд мэргэшсэн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэргэжилтнүүдийг бэлтгэх шаардлагатай байгааг хөндөж байв. Дээр нь албан байгууллага, ААН-үүд ажлын байранд мөрдөх хөдөлмөрийн аюулгүй байдлын стандарт дүрмийг барьж ажиллавал осол аваар буурч эрсдэлээс сэргийлэх боломжтой гэж үзэж буйгаа оролцогчид илэрхийлж байв

Мэргэшсэн Хөдөлмөрийн ауюлгүй байдал, эрүүл ахуйн мэргэжилтнүүдийн холбооны ерөнхийлөгч Ш.Нацагдорж, “Хөдөлмөр эрхлэж буй, ажил хийж буй хүн бүхэнд ХАБ байх ёстой. Энэ талын дүрэм журам, хууль хүртэл манай улсад бий атал осол, аваарыг бууруулах хэмжээнд хэрэгжүүлэхгүй, мөрдөхгүй байгаа”-г хэлэв.  


Манай улсын ажиллах хүчний 15 хувийг эзэлж буй 19-25 насны залуучуудын үйлдвэрлэлийн осолд өртөх эрсдэл өндөр байгааг ХНХЯ-наас хийсэн судалгаа харуулж байна. Тиймээс ажлын байрны аюулгүй ажиллагааны талаарх ойлголтыг нэмэгдүүлэх хэрэгтэй байгааг хурлын үеэр хөндсөн.

ХНХЯ-ны Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтсийн дарга З.Бауыржан, “Манай улсад 1-9 ажилчин, ажилтантай ААН байгууллага нийт байгууллагын 80 хувийг эзэлж байна. Ихэнх ААН ослыг нуун дарагдуулж байгаа нь нууц биш” гэдгийг хэлэв.

ААН, байгууллагуудаас ирж буй санал ажлын байрны нөхцөлийг сайжруулах гэхээсээ илүү ажлын нөхцөл байдлыг харгалзан хортой, хүнд нөхцөлд оруулаад өгнө үү гэсэн санал их ирдэг байна. Хөдөлмөрийн аюулгүй байдалд ахуйн болон авто осол, бэртэл, үйлдвэрлэлийн ослыг оруулж цогцоор авч үзэн уялдаа холбоотой ажиллах шаардлагатайг тэрээр хэлж байв.


“Нэн түрүүнд ХАБ-2019” бага хурлын дэмжигч хамтран зохион байгуулагчаар ХНХЯ, УУХҮЯ, ЗТХЯ, БСШУЯ, МҮЭ-үүийн Холбоо, оролцож, Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын Уул уурхайн үндэсний ассоциаци, МХЕГ, ОБЕГ, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль, Хөдөлмөр, нийгмийн харилцааны дээд сургуулийн төлөөлөл 350 гаруй хүн оролцлоо.

Бага хуралд УИХ-ын гишүүн А.Ундраа, “Оюу толгой” ХХК-ийн ерөнхий захирал Армандо Торрес, МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар нар оролцлоо.

 

Б.Болд

Холбоотой мэдээ