Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвд түргэн тусламжийн машин гардуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2019-09-26 08:51:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан холбогдох албаныхантай Налайх дүүрэгт өчигдөр ажиллахдаа дүүргийн Эрүүл мэндийн эмнэлгийн эмч, ажилчидтай уулзлаа.

Тус дүүргийн Эрүүл мэндийн төв нь эмнэлгийн тусламж үйлчилгээ, стратеги төлөвлөлт гадаад харилцаа, нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ болон эмчилгээ чанар гэсэн үндсэн дөрвөн албатай ажиллаж байна. Нийт 336 ажилтан, албан хаагчтай. Хүн амын төрөлт нэмэгдэж, нас баралт, осол гэмтлийн тоог бууруулах, дүүргээс нийслэл рүү чиглэсэн шилжилт хөдөлгөөнийг багасгах зорилт тавин ажилладаг. Нийт 40 мянга орчим хүнд эмнэлгийн тусламж үйлчилгээг гэмтэл, мэс засал, хүүхэд, дотор, эх барих эмэгтэйчүүд, халдварт сүрьеэ, амбулатори болон хэвтэн эмчлүүлэх гэсэн чиглэлээр үзүүлдэг гэж тус дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Л.Байгаль танилцуулав.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, “Нэг шинжилгээ өгөхийн тулд хот руу явдаг байсан асуудал байхгүй болж байгаад талархалтай байдаг. Ямар ч цаг үед эмнэлгийн яаралтай тусламжийн үйлчилгээг цаг алдалгүй авах нөхцөл боломжийг бүрдүүлэхийн төлөө Нийслэлээс онцгой анхааран ажиллаж байгааг энд онцлон хэлье. Мөн эрүүл мэндийн салбарын ажилтан, албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх боломж нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө анхаарч байна” хэмээв.

Энэ үеэр БНСУ-ын Сөүл хотын Сон-Э эмнэлэг болон Налайх дүүргийн Эрүүл мэндийн төв  эрүүл мэндийн тусламж үйлчилгээг харилцан хөгжүүлэх хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурав. Уг гэрээгээр эмч, эмнэлгийн мэргэжилтэн солилцох хөтөлбөр, харилцан өвчтөн солилцох, шинжилгээний сорьц ба шинжилгээний хариуг илгээх, эмнэлгийн сурталчилгаа ба харилцан туслалцаа зэрэгт хамтран ажиллахаар тусгасан байна.

Түүнчлэн Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвд ЭМЯ-наас тус дүүргийн 6 дугаар хорооны өрхийн эмнэлэгт пургон машин, Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас иж бүрэн тоноглосон түргэн тусламжийн форд автомашин өгснийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан гардуулан, эмнэлгийн эмч, мэргэжилтнүүдэд иргэдийнхээ эрүүл энхийг сахин хамгаалах их үйлсэд нь амжилт хүссэн юм.




Холбоотой мэдээ