90 гаруй тэрбум төгрөгийн хадгаламжийн хуримтлалтай болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2019-09-25 18:13:48

Хэнтий /МОНЦАМЭ/ Эвт худалдааны төвийн гадна талбайд “Хариуцлагатай харилцагч-хариуцлагатай банк” нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгууллаа.

Энэхүү өдөрлөг нь иргэд болон банкууд санхүүгийн зах зээлд хариуцлагатай оролцох оролцоог нэмэгдүүлэхэд чиглэгдсэн байна. Монгол банк энэ оныг банкны салбарын шинэчлэлийн жил болгосон. Хэнтий аймаг дахь Монгол банкны салбарын  зүгээс энэ хугацаанд иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч тэдний зээлийн мэдээллийн сантай холбоотой зарим нэг хүсэлтийг шийдвэрлэж өгсөн байна. Аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт иргэдээ 60 тэрбум төгрөгийн хадгаламжийн хуримтлалтай болох зорилтыг тавьжээ. Өнөөдрийн байдлаар 90 гаруй тэрбум төгрөгийн хадгаламжийн хуримтлалтай болоод байгаа аж.

Хэнтий аймагт дөрвөн банк үйл ажиллагаа явуулж байснаас Капитал банк татан буугдаж, ХААН, Хас, Төрийн гэсэн гурван банк тогтмол үйл ажиллагаагаа явуулж байна. ХААН банк нь цахим банкиндаа олон шинэчлэлүүдийг хийж, жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор ноос ноолуур, сүүний чиглэлээр өртгийн сүлжээг дэмжих төсөл, нутгийн брэнд хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байна. Энэ өдөр тэдний зүгээс харилцагчиддаа бэлэн мөнгөнөөс бусад бүх төрлийн үйлчилгээ авах, зээлийн мэдээллийг өгч ажиллалаа.

Харин Хас банкны хувьд Мобиком компанитай хамтран Кенди төлбөрийн системийг нэвтрүүлсэн бөгөөд иргэдэд санхүүгийн боловсрол олгох чиглэлээр олон үйл ажиллагааг явуулж байлаа. Төрийн банк энэхүү үйл ажиллагааны хүрээнд онцгойлон ногоон зээлийг зөвхөн иргэдэд санал болгож байв. Ногоон зээлийн зориулалт нь төрөл бүрийн дулаалгын материал, эко ариун цэврийн байгууламжууд, цахилгаан автомашиныг сарын 1.3 хувийн хүүтэйгээр олгож байна.    


Холбоотой мэдээ