Хөдөөгийн багийн 7000 гаруй хүн эрүүл мэндийн үйлчилгээг авчээ

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2019-09-25 17:55:13

Завхан /МОНЦАМЭ/. Завхан аймаг “Ард иргэдээ сонсох VI аян”-ны хүрээнд “Төрийн үйлчилгээг багт” үйл ажиллагааг 23 сумын хөдөөгийн 88 багт зохион байгуулж давхардсан тоогоор 20 шахам мянган хүнд төрийн үйлчилгээг хүргэжээ. 

Монгол Улсын Засгийн газраас 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” болгон зарласан тогтоолын дагуу тус үйл ажиллагааг наймдугаар сарын 3-наас эхлүүлэн сар гаруй хугацаанд зохион байгуулжээ. Завханы 23 сумын хөдөөгийн 88 багт  аймгийн ИТХ-ын дарга, аймгийн Засаг дарга, ЗДТГ-ын дарга, Засаг даргын орлогч, хэлтэс агентлагийн дарга нараар ахлуулсан 110 төрийн албан хаагчаас бүрдсэн дөрвөн ажлын хэсэг ажиллажээ. Энэ үеэр аймгийн Засаг даргын 2019 оны хагас жилд хэрэгжүүлсэн ажлын тайланг тавьж, аймгийн хэмжээнд хэрэгжүүлж буй хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт, нийгмийн салбарт хэрэгжүүлж буй ажлын тайланг танилцуулжээ. Мөн үеэр иргэдээр төрийн албан хаагчдын ажлыг үнэлэх үнэлгээг бичгээр авч, аймгийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд болон бусад санал, хүсэлтийг нь сонсжээ. Үйл ажиллагааны хүрээнд 88 багийн Иргэдийн нийтийн хурлын дарга, бБагийн Засаг дарга, багийн эмч нарт Жи мобайлын суурин утас антены хамт гардуулж, ажил үйлсээрээ амжилт гаргасан иргэдийг аймгийн “Хүндэт тэмдэг”-ээр шагнаж урамшуулсан байна. Төрийн үйлчилгээг багт үйл ажиллагааны нэгэн чухал үйлчилгээ болох эрүүл мэндийн үзлэг, шинжилгээ, оношилгоог Улсын хоёр, гуравдугаар төв эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төв зэрэг томоохон эмнэлгийн эмч нар, аймгийн мэргэжлийн эмч нартай хамтран явуулжээ. Энэ үеэр давхардсан тоогоор 7000 гаруй иргэнд эмэгтэйчүүд, ЭХО, хавдар, дотор, шүд, хүүхэд зэрэг эрүүл мэндийн үзлэг, оношилгоог газар дээр нь үзүүлсэн байна. Мөн хөнгөлөлттэй эмийн худалдааг явуулж, урлаг соёлын үзүүлбэр, үсчний үйлчилгээнд давхардсан тоогоор нийт 10000 гаруй иргэн үйлчилгээ авсан тухай аймгийн ЗДТГ-аас мэдээллээ. 

Холбоотой мэдээ