Тархины хавсарсан гэмтэлтэй өвчтөнд яаралтай хагалгаа хийж амь насыг нь аварлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2019-09-24 16:34:39

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн Нэгдсэн эмнэлгийн Мэс заслын тасгийн хамт олон тархины хавсарсан хүнд гэмтэлтэй өвчтөнд энэ сарын 20-нд яаралтай хагалгаа хийж амь насыг нь аварсан байна. 

Өмнө нь энэ төрлийн хагалгааг хийхдээ Улаанбаатар хотоос нарийн мэргэжлийн хагалгааны эмч дууддаг байсан бол өнгөрсөн 8 дугаар сард аймгийн Нэгдсэн эмнэлгийн Мэс заслын тасагт нийлүүлсэн багаж тоног төхөөрөмжийн тусламжтайгаар Б.Энхзориг эмчээр ахлуулсан мэс засалчдын баг бие даан хийжээ.

“Сүүлийн жилүүдэд Увс аймагт аливаа осол гэмтэл ихээр гарах болсон. Ялангуяа хот хооронд хар зам тавигдсантай холбоотойгоор жолооч нар хурд хэтрүүлж авто осол гаргах, мөн гар аргаар алт олборлож байгаа хүмүүс хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангадаггүй зэрэг шалтганы улмаас янз бүрийн осол гэмтэл ихээр гарч байгаа. Энэ удаад гавал тархины хавсарсан гэмтэлтэй хүнд өвчтөн ирэхэд манай хамт олон яаралтай хагалгаа хийж амь насыг нь аварлаа. Цаашид энэ төрлийн өвчтөн ирэхэд Улаанбаатар хотоос эмч дуудаж цаг алдахгүйгээр газар дээр нь шуурхай хагалгаа хийж өвчтөний амь насыг аврах боломж бүрдлээ” хэмээн аймгийн Нэгдсэн эмнэлгийн Мэс заслын тасгийн зөвлөх эмч Л.Ганхуяг хэллээ.

Аймгийн хэмжээнд жилдээ 10 гаруй хүнд тархины мэс засал хийдэг бөгөөд тэр тоолонд Улаанбаатар хотоос эмч дууддаг, эмчийн хоёр талын унааны зардлыг өвчтөний ар гэрээс гаргадаг байжээ.  

Холбоотой мэдээ