Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хамтдаа хэлэлцэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар
/МОНЦАМЭ/. Нийгэмд
үйлчилдэг байгууллагуудын нэгдсэн чуулган “Эерэг Монгол” нэртэйгээр маргааш,
есдүгээр сарын 20-нд “Туушин” зочид буудалд болох гэж байна.
Тогтвортой
хөгжилд хүрэх дэлхийн нийтийн урт хугацааны бодлогыг чиглэл болгон нийгэмд
үйлчилдэг байгууллагуудын төлөөлөл
хооронд
мэдлэг, туршлагаа солилцон, хамтран ажиллах зорилготой чуулганыг “JCI Монгол” ТББ-ын санаачилгаар Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл
дор зохион байгуулахаар болжээ.
Мөн Монгол дахь НҮБ-ын Суурин төлөөлөгчийн газар,
Монголын Улаан загалмай нийгэмлэг, Монгол дахь Ротари клубууд хамтран
зохион байгуулж байна. Чуулганд 100 шахам байгууллагын 200 гаруй төлөөлөгч Монгол
Улсын нийгэмд хэрэгжиж буй 140 гаруй төсөл хөтөлбөрийг төлөөлөн оролцож
танилцуулна гэж зохион байгуулагчид мэдэгдэж байна.
Чуулганд оролцогчид Тогтвортой хөгжлийн зорилгуудын
ижил төстэй төсөл хөтөлбөрүүдийг хамтатган нэгдсэн зохион байгуулалтаар илүү
далайцтай ажиллах талаар хэлэлцэх аж. Ингэснээр Тогтвортой хөгжлийн зорилтуудын нийгэмд үзүүлж
буй эерэг өөрчлөлтийн үр дүнг нэмэгдүүлнэ гэж зохион байгуулагчид үзэж байна.
2015 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70-р
чуулганаар улс орны тэргүүнүүдийн баталсан “Тогтвортой хөгжлийн зорилго-2030”
дагуу нийгэм, эдийн засаг, байгаль орчин гэсэн гурван тулгуурт суурилан
тогтвортой хөгжилд хүрэх дэлхийн нийтийн урт хугацааны бодлогыг чиглэлүүдийн
дагуу ярилцах юм. Чуулганд төрийн
байгууллагуудаас Засгийн газрын ХЭГ, холбогдох яам, агентлаг болон “Жайка”, Койка”, “Тика” олон улсын байгууллагууд, сайн
дурын клуб, ТББ-ын төлөөлөл мөн оролцоно.
Тодруулга: “Эерэг
Монгол” чуулганыг санаачлагч “JCI” нь дэлхийн хэмжээнд залуу
удирдагчид, ажил хэрэгч хүмүүс сайн дурын үндсэн дээр нэгдэн идэвхтэй үйл ажиллагаа
явуулдаг байгууллага юм. Өнөөдрийн байдлаар 120 гаруй орны 5000 орчим салбар
байгууллагын 18-40 насны 200 мянган идэвхтэй, нэг сая илүү дэмжигч гишүүдийг
эгнээндээ нэгтгэн НҮБ, Олон улсын худалдааны танхим, Дэлхийн Эрүүл мэндийн
байгууллага зэрэг олон улсын томоохон байгууллагуудтай хамтарсан үйл ажиллагааг
дэлхийн өнцөг булан бүрт явуулж байна.