Эрчим хүчний салбарынхан зураг төсөлд гаргадаг алдаагаа засна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ“Эрчим хүчний барилга байгууламж, түүнд тавих шаардлага” зөвлөлгөөний төлөөлөгчид эрчим хүчний зураг төсөлд зонхилон гардаг зөрчил дутагдлаас салах арга замыг хэлэлцэн зөвлөмж гаргав.
Улаанбаатар Дулааны шугам сүлжээ ТӨХК-ийн байранд болсон эл зөвлөлгөөнд 53 аж ахуйн нэгж, байгууллагын 101 инженер техникийн ажилтан, эксперт, удирдах ажилтнууд оролцож ”Эрчим хүчний зураг төсөл хийж буй өнөөгийн байдал, тавьж буй шаардлага”, “Орчин үед зураг төсөл хийхэд программ хангамж, шинэ техник, технологи ашиглах нь” зэрэг асуудлыг хэлэлцсэн юм.
Дээрх зөвлөмжид эрчим хүчний зураг төсөл, угсралтын байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, мөрдөж буй норм, дүрэм, стандартыг сайжруулахыг тусгажээ.
ЭХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт хэлэхдээ, “Эрчим хүчний барилга байгууламжийн зураг төсөл, угсралтын ажилд гарч буй хүндрэл бэрхшээл, түүнээс гарах арга замыг тодорхойлох, үнэлэлт, дүгнэлт өгөх, цаашид тавигдах шаардлагыг өндөржүүлэх, зураг төслийн боловсруулалт, угсралтын ажлын чанарыг сайжруулах чухал цаг үед ирээд байна. Мөн хууль, эрх зүйн баримт бичгийг шинэчлэх, боловсон хүчний мэргэшил, чадавхийг дээшлүүлэх, программ хангамж, техник тоног төхөөрөмжийн өнөөгийн нөхцөл шаардлагад нийцүүлэх талаар зөвлөмж гаргалаа. Цаашид зөвлөмжийн хүрээнд тодорхой шийдвэрүүд гарна гэдэгт итгэлтэй байна” гэв.
Б.Заяа