"Японы нэг өдөр" соёлын наадам болно

Монголын мэдээ | Соёл урлаг
183@montsame.mn
2019-09-13 17:41:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотод “Япон соёлын наадам” энэ амралтын өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно. Энэ талаар зохион байгуулагчдын зүгээс өнөөдөр мэдээлэл хийлээ. Монгол, Япон  улсын Элчин Сайдын Яамны дэмжлэгтэйгээр арав дахь удаагаа зохион байгуулах  энэ жилийн наадам  “Япон соёл, Япон амт, Япон чанартай танилцах Японы нэг өдөр” уриан дор болно. 

Наадмын үеэр Япон улсын соёл урлаг, гар урлал, хөгжөөнт наадгай, тэмцээн уралдаан, бараа бүтээгдэхүүн, амтат хоол зэргийг олон нийтэд танилцуулах  120 орчим урлаг соёл, бизнесийн байгууллагын төлөөлөгч Япон улсаас ирэх юм байна. Нийслэлийн Аялал жуулчлалын газрын Соёлын аялал жуулчлал, эвент, арга хэмжээ хариуцсан мэргэжилтэн Б.Үржинханд "Өдөрлөгийн үеэр Японы үндэсний хөгжмийн “Этосетора” хамтлаг тоглолтоо сонирхуулна. Наадмыг үзэхээр ирсэн хэн ч Японы кимоно өмсөж зургаа авахуулах, Японы олон төрлийн хоолыг амтлах, япон хэлний сургууль, боловсролын төвүүдтэй танилцах боломжтой юм" гэлээ. 

Холбоотой мэдээ