500 гаруй өрхөд шинээр газар олгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2019-09-12 23:23:48

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор сумын төвлөрлийг бууруулах, утааг багасгах зорилгоор Шинэ суурьшлийн бүсийг байгуулах болсон талаар бид мэдээлсэн. Тэгвэл шинэ суурьшлийн бүсэд газар олгох ажлын хэсэг хуралдаж, тухайн бүсийн дэд бүтэц,  шугам сүлжээ, газар олголтын ажлуудыг шуурхайлах шийдвэр гаргажээ.

Тус ажлыг хариуцан зохион байгуулж буй Баянхонгор сумын ЗДТГ, ГХБХБХ, Баянхонгор эрчим хүч ЦТХХК, Чандмань Баянхонгор компаниудын холбогдох инженерүүдэд тус тусын хариуцаж буй ажлаа шуурхайлж, 10 дугаар сарын 15-ны дотор зохион байгуулж дууссан байх үүрэг чиглэлийг аймгийн Засаг дарга Г.Батжаргал өгсөн байна.

Тодруулбал, Баянхонгор эрчим хүч ЦТХХК цахилгаан эрчим хүчний шугамын ажлыг хийж дуусгах, ГХБХБГ-аас тус тус олгох газруудад улаан шугам тавих, тэмдэглэгээ хийх, авто зам хусах, Чандмань Баянхонгор ХХК тухайн бүсэд гүний худаг гаргах, Баянхонгор сумын ЗДТГ өмнө нь хүлээж авсан 1000 орчим өргөдлийг хүчингүй болгож, шинээр өргөдөл хүлээн авах, улмаар 520 айлд газар олгох асуудлыг 10 дугаар сарын 15-ны дотор хийж гүйцэтгэхээр боллоо.
Ерөнхий зураг төсөв, зохион байгуулалтын төлөвлөгөөний хүрээнд энэ онд 520 айлд  газар олгох шийдвэрийг энэ хурлаар мөн гаргажээ. Ингэхдээ эхний ээлжинд Баянхонгор сумын харьяалал, бүртгэлтэй иргэдэд газар олгох нь зүйтэй хэмээн шийдвэрлэв.

Холбоотой мэдээ