Эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулахад АХБ-тай хамтарна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2019-09-12 15:48:02
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар, “Эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөр” болон Монгол Улс, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн төслийг зөвшилцөх асуудлыг хэлэлцэн дэмжлээ. 


Эхлээд Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хамтран хэрэгжүүлэх “Эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийн  төслийн зөвшилцөх асуудлыг хэлэлцсэн. 


Төслийг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл танилцуулав. Тэрбээр, "Хот, хөдөөгийн анхан шатны тусламж, үйлчилгээг бэхжүүлэх, эрүүл мэндийн салбарын холбогдох төрийн байгууллагуудын худалдан авах ажиллагаа болон санхүүгийн удирдлагын чадавхыг сайжруулах зорилгоор  3 үе шаттай, 10 жилийн хугацаатай,  “Эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийг төлөвлөөд байна.

Хөтөлбөрийг Азийн хөгжлийн банкны 158.3 сая ам. долларын энгийн эх үүсвэр болон энгийн хөнгөлөлттэй эх үүсвэрээс санхүүжүүлнэ. Мөн харилцан кредит олгох механизмын Японы сангийн 3.4 сая ам.долларын буцалтгүй тусламжийн хөрөнгө багтах юм. Тус хөтөлбөр нь Монгол Улсын олон улсын хөтөлбөрийн гэрээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2-т заасны дагуу хэлэлцэн шийдвэрлэх шаардлагатай" хэмээн танилцууллаа.  


Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах нь чухал гэдгийг дурдаад төслийн хүрээнд Улаанбаатар хотын хамгийн олон хүн амтай дүүргийн иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүртээхэд онцгой анхаарах боломж, бололцоо байгаа эсэхийг тодруулав. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, "Өрхийн эрүүл мэндийн үйл ажиллагааг бэхжүүлэх, өргөжүүлэх шаардлагатай. Ялангуяа эмзэг бүлгийн иргэд хүссэн үедээ, хүссэн газраасаа эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах боломж хязгаарлагдмал байна. Иймд энэ төслийн хүрээнд зургаан жишиг өрхийн эмнэлэг байгуулна" хэмээн хариулав.


Ингээд хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 60 хувь нь дэмжив. 


Дараа нь Монгол Улсын Засгийн газар Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн төслийг зөвшилцөх асуудлыг хэлэлцэв. 


Төсөл санаачлагчийн илтгэлийг  ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан танилцуулав. Тэрбээр, "Монгол Улс, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хооронд 2011, 2016 онд байгуулсан 40 сая еврогийн Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрүүд амжилттай хэрэгжсэн. Энэ туршлагад үндэслэн хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр Австри улсын техник, технологийн нэвтрүүлэх сонирхолтой төслийн хэрэгцээ, шаардлага их байгааг харгалзан, дараагийн 40 сая еврогийн Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулахаар тохиролцоод байна. Энэхүү хэлэлцээрийн хүрээнд ашиглах зээлийн нөхцөл хүү  нь 0, хугацаа нь 16-26,5 жил, үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 5-12 жил байна. Австрийн гарал үүсэлтэй бараа, үйлчилгээг худалдан авахад зээлийн хөрөнгийн 50-иас доошгүйг ашиглах нөхцөлтэй, санхүүгийн хамтын ажиллагааны хугацаа 2 жил байх бөгөөд энэ хугацаанд хэрэгжүүлэх төслүүдийг тохиролцож, холбогдох төслийн гэрээг хийх болно. Хөнгөлөлттэй зээлээр дэд бүтэц, хотын усан хангамж, ариун цэвэр, бохир ус, хог хаягдал, төмөр зам болон замын хөдөлгөөний аюулгүй байдал, боловсрол, мэргэжлийн боловсролын сургалт, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, хөдөө аж ахуй, бусад гэсэн салбарын дэд бүтцийг санхүүжүүлнэ. Ерөнхий хэлэлцээрийг байгуулсны дараа зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийн саналыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, Австрийн Засгийн газарт хүргүүлнэ. 


Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн, Д.Тогтохсүрэн асуулт асууж, санал хэлсний дараа “Хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжье” гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд орлоцсон гишүүдийн 90 хувь нь дэмжлээ.

Холбоотой мэдээ