Хангай суманд сайжруулсан шороон зам ашиглалтад орно

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2019-09-11 14:36:14

Архангай /МОНЦАМЭ/. Хангай суманд улсын төсвийн нэг тэрбум төгрөгөөр Ухаа гүвээний голд 10 метр урттай, төмөр бетонон гүүр, гүүрнээс сумын төв орох нийт 4 км сайжруулсан шороон авто замыг “Авто зам” ХХК барьж байна. Өнөөдрийн байдлаар төмөр бетонон гүүрийг барьж дууссан, авто замын шороог асгаж байна.

Хангай сумын "төв зам" гэх энэ зам нь борооны усанд идэгдсэн, шавар шалбааг ихтэй хонхор олонтой олон салаа газраар явдаг юм. Ухаа гүвээний голоос сумын төв орох 4 км энэ замд бороо, цас ихтэй үед 2 цаг явдаг гэдгийг сумын удирдлагууд болон иргэд хэлж байлаа. Сайжруулсан зам барьснаар цаг хугацаа хэмнэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхээс эхлээд олон зүйл дээр ач холбогдлоо өгнө гэж үзэж байгаа юм.

Энэ онд улсын төсвийн 200.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Архангай аймгийн Булган, Чулуут, Хангай, Цахир, Тариат, Өндөр-Улаан, Ихтамир, Жаргалант гэсэн 8 суманд хүүхдийн тоглоомын талбайг “Газрын гагнаас” ХХК барьж байгаа. Гэрээний хугацаа 7-р сарын 31-нээр дуусгавар болсон. Гүйцэтгэгч компани Хангай суманд тоглоомын талбайгаа суурилуулж байв. Ажлын хэсгийнхний зүгээс ажлаа яаравчлуулж, чанар хийж гүйцэтгэхийг үүрэг болголоо.



Холбоотой мэдээ