А.М.Сергеев: Монгол Улстай палеогенетикийн салбарт хамтран ажиллах сонирхолтой байгаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
khandmaa@montsame.gov.mn
2019-09-10 10:18:29

Улаанбаатар. /МОНЦАМЭ/. ОХУ-ын ШУА-ын ерөнхийлөгч, академич А.М.Сергеев тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 5-нд Монгол Улсын ШУА-ийн ерөнхийлөгч, академич Г.Рэгдэлийн урилгаар Улаанбаатарт хүрэлцэн ирж “Орос-Монголын биологийн болон палеонтологийн хамтарсан экспедицийн 50 жилийн ой”  эрдэм шинжилгээний хуралд оролцсон юм. Энэ үеэр манай сэтгүүлч ОХУ-ын ШУА-ийн ерөнхийлөгч А.М.Сергеевтэй ярилцсныг сонирхуулъя.


-Та саяхан Монгол Улс болох ОХУ-ын ШУА-ийн хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Уг гэрээг байгуулснаар манай шинжлэх ухааны байгууллагуудын хамтын ажиллагаанд ямар ахиц дэвшил гарах вэ?

-Миний бодлоор, энэ нь бидний хамтын ажиллагаанд шинэ уур амьсгал оруулна. Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд хамтын ажиллагаа нь бидний хүссэн хэмжээнд байгаагүй. Улс төрийн хувьд,  хоёр улс маань  XX зууны эхэнд байснаасаа өөрчлөгдсөн. Тиймээс  ямар болсон, манай хоёр улсын шинжлэх ухааны хөгжил ямар байгаа, ШУА-д маань ямар болсон зэргийг харгалзан үзсэний үндсэн дээр харилцаагаа шинэчлэх хэрэгтэй. Гэхдээ юун түрүүнд, өмнөх хамтын ажиллагааны эерэг туршлага дээр тулгуурласан байх нь зүйтэй. Амжилттай хамтын ажиллагааны нэг жишээ бол, өнөөдөр 50 жилийнхээ ойг тэмдэглэж буй палеонтологи болон биологийн хамтарсан экспедиц. Энэ тэмдэглэлт ойд ОХУ-ын ШУА нэлээд ач холбогдол өгч удирдах зөвлөлийн хурал дээр ярилцаж, тусгай товхимол гаргасан. Уг үйл явдал нь шинжлэх ухааны салбарт бид хэрхэн амжилттай хамтран ажилласны нэг жишээ бөгөөд энэ нь бидний  гол тулгуур болох ёстой. Ирээдүйд хэрхэн хамтран ажиллах тухай ярихдаа шинэ арга хэлбэрийг хайх хэрэгтэй бөгөөд тиймээс бид Монголд байх хоёр хоногийн хугацаанд уг асуудлаар санал бодлоо солилцоно.  Маргааш танай эрдэмтэдтэй уулзаж Монголын эрдэмтэд  аль чиглэлээр, хэрхэн хамтарч болох тухай сонирхолтой санал дэвшүүлнэ гэж бодож байгаа.  Өнөөдөр бол суурь судалгаа  маш чухал боловч шинэ үед  дэвшүүлж технологийн салбар руу  аль болох хурдан шилжих нь чухал. Энэ чиглэлийн ажилд манай болон танай эрдэмтэд одоогоор дэлхийд тэргүүлж чадахгүй байгаа. Тиймээс яг аль чиглэлээр хамтран ажиллах вэ гэдгээ зөв сонгох нь чухал. Түүнээс гадна ашигт малтмал, олборлох салбарт ямар хөгжил дэвшил гарч байгааг сайтар ажиглаж байх хэрэгтэй. Үүнд ялангуяа, ховор элемент олборлолт хамаарна. Мөн эрчим хүч, хүдэр олборлох болон бусад салбарт хамтран ажиллахад илүү  анхаарах нь зүйтэй.  Өнөөдрийн шинэчилсэн  гэрээ нь өмнөх хамтын ажиллагааны туршлага дээр суурилсан. Тиймээс бид шинэ төслүүдийг хамтран хэрэгжүүлэхэд илүү ач холбогдол өгөх ёстой.

-Та бол нэртэй физикч. Физикийн  чиглэлээр хамтран ажиллах ямар боломжууд байна ?

-Физик бол маш өргөн хүрээг хамардаг салбар. Суурь физикийн ололт амжилт нь шинжлэх ухааны бусад салбарт нөлөөлдөг. Ашигт малтмалтай холбоотой судалгааны талаар би дээр ярьсан. Энэ нь физик эсвэл химийн салбарт гарсан ололтыг геологид хэрхэн ашиглаж болохтой холбоотой. Эрчим хүчний талаар ярихад физикийн салбарт гарсан хөгжил дэвшлийг уг салбарт хэрхэн ашиглах талаар ярих жишээтэй. Палеонтологийн уламжлалт судалгаанд физикийн салбарт гарсан шинэ нээлтүүдийн ашиглаж болно. Жишээ нь, физикийн салбарын нээлтийг ашиглан алсын зайнаас буюу газрын хөндөлгүйгээр нэлээд гүнд юу байгааг судлах шинэ аргыг нээсэн байгаа. Өөр шинэ дэвшилтэт аргууд ч бий. Бид танайхтай палеогенетикийн салбарт хамтран ажиллах сонирхолтой байгаа. Палеогенетика гэдэг нь палеонтологи, биолог, физикийг нийлүүлсэн шинэ салбарт. Энэ нь физикийн салбарын хөгжил дэвшлийг палеонтологийн салбарт ашиглах тухай юм.  Өөрөөр хэлбэл, физикийг шинжлэх ухааны бусад салбарт, ялангуяа шинэ дэвшилтэт технологийг нь ашиглах явдал.

-Манай хоёр улс хамтран Цөмийн төв байгуулах гэж байгаа талаар та сонссон байх?

-Тийм ээ сонссон. Цөмийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах нь маш чухал. Яагаад гэхээр, цөмийн эрчим хүчийг ашиглаж байна гэдэг нь энэ салбарын өндөр хэмжээнд бэлтгэгдсэн ирээдүйтэй эрдэмтэд байна гэсэн үг. Ер нь цөмийн эрчим хүчийг тойрч бусад шинжлэх ухааны салбарууд хөгждөг. ОХУ-ын ШУА нь Росатом-той хамтран олон судалгаа хийх олон хөтөлбөр дээр ажилладаг. Цөмийн эрчим хүчний салбарт сүүлийн үед шинэ технологиуд бий болсон бөгөөд тэдгээр нь Орчин үеийн цөмийн эрчим хүч, цөмийн технологийн талаар ярихдаа нэг зүйлийг анхаарах нь зүйтэй болов уу . Юу гэвэл шинжлэх ухааны салбаруудыг холбож өгдөг зүйлүүд бий. Энэ нь маш чухал.

Холбоотой мэдээ