Аялал жуулчлалын салбарынхан ажлын туршлага солилцоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2019-09-06 13:45:31

Баянхонгор /МОНЦАМЭ/. "Орон нутагт аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх боломж, тумгамдаж буй асуудал" сэдэвт уулзалт зөвлөгөөн энэ сарын 12-15-ны өдрүүдэд Баянхонгор хотноо болно.

Улсын хэмжээн дэх Байгаль орчин, аялал жуулчлалын газруудын хоорондын уялдаа холбоог сайжруулах, орон нутагт хүртээмжтэй аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлого чиглэл төлөвлөх, ажлын туршлага солилцох, хамтран төлөвлөгөө, зөвлөмж гаргах зорилго бүхий тус зөвлөгөөнд БОАЖЯ, 21 аймгийн БОАЖГ-ын албан хаагчид оролцох юм байна.

Зөвлөгөөний үйл ажиллагаанд БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга С.Баясгалан оролцож, “Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын чиглэлээр орон нутагт баримталж буй бодлого” сэдвээр илтгэнэ. Мөн Баянхонгор аймгийн Засаг даргын дэргэдэх Гадаад харилцаа, аялал жуулчлалын албаны дарга М.Батбаяр “Баянхонгор аймгийн Засаг даргын дэргэдэх ГХАЖА-ны бүтэц, орон тоо, салбарын хөрөнгө оруулалт” сэдвээр зөвлөгөөнд оролцогчдод мэдээлэл хийх аж.

Германы техникийн хамтын ажиллагааны GIZ-ын ЭТИС хөтөлбөрийн зохицуулагч Ч.Оюун-Эрдэнэ “Тогтвортой аялал жуулчлал – Хүртээмжтэй эдийн засаг” төслийн хэрэгжилт, үр дүн, цаашдын хамтын ажиллагаа” сэдвээр илтгэх бол удаах өдөр нь Баянхонгор, Хөвсгөл, Дорнод, Увс, Өмнөговь зэрэг аймгууд аялал жуулчлалын салбарынхаа өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага, тумгамдаж буй асуудал зэргээ хэлэлцэнэ.

Төлөөлөгчид зөвлөгөөний хугацаанд Баянхонгор хот, Шаргалжуут рашаан сувилалтай танилцах, спортын нөхөрсөг тэмцээн уралдаан зохион байгуулах зэрэг тусгай хөтөлбөртэй юм байна.

Холбоотой мэдээ