Хүүхдийн төрсөн өдрөөр аав, ээжид нь цалинтай чөлөө олгох захирамж гаргахыг хүслээ

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2019-09-05 17:35:06

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас аймгийн Засаг дарга А.Гылымханд албан тоот хүргүүлж, хүүхдийнхээ төрсөн өдрөөр аав, ээжид нь цалинтай чөлөө олгож байх захирамж гаргахыг хүсжээ.

Энэхүү санаачилгын үндэслэлийг, "Иргэн төвтэй төрийн үйлчилгээ" зорилтот жилийн хүрээнд залуу аав, ээжүүдийг дэмжих, гэр бүлдээ цаг гаргаж, анхаарал, халамж тавих, хүүхдээ эерэг аргаар хүмүүжүүлэхэд сургах үүднээс хүүхдийн төрсөн төрсөн өдрөөр аав, ээжид нь цалинтай чөлөө олгох тухай уриалга гарган орон даяар давалгаалж байна. Уг уриалгад аймгуудын Засаг дарга нар төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд ажилтан, алба хаагчиддаа хүүхдийн төрсөн өдрөөр нь цалинтай чөлөө олгож байх захирамж гарган нэгдэж байгаа болно хэмээн тайлбарлажээ.

Тийм учраас орон даяар өрнөж байгаа дээрх давалгаанд нэгдэж, тус аймгийн залуу аав, ээжүүдийг дэмжих үйлсэд хувь нэмэр оруулахыг хүссэн байна.  

Холбоотой мэдээ