Монгол-Энэтхэгийн хамтарсан төслүүд амжилттай эхэлж байгааг онцлов

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
batbold.sh@montsame.gov.mn
2019-09-05 16:05:53
@ShoovdorBatbold

Владивосток /МОНЦАМЭ/. ОХУ-ын Владивосток хотноо 5 дахь жилдээ болж буй Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр БНЭУ-ын Ерөнхий сайд Нарендра Модитой уулзаж, хоёр талын хамтын ажиллагаа, цаашдын зорилтын талаар ярилцлаа.

Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Дорнын эдийн засгийн чуулганд анх удаа оролцож буй Ерөнхий сайд Н.Модид амжилт хүсэв.

Мөн БНЭУ-ын Ерөнхий сайд Н.Моди 2015 онд Монгол Улсад айлчилснаас хойш нефть боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн ажил урагштай явж байгаа бөгөөд үйлдвэр хүртэлх төмөр зам, засмал замыг барьж, эрчим хүчний асуудлыг шийдвэрлэсэн гэдгийг дуулгалаа. Улмаар тус улстай нефьт, бусад эдийн засгийн хамтын ажиллагааг идэхжүүлэхээр ажиллаж байгаагаа хэлсэн юм.

БНЭУ-ын Ерөнхий сайд Н.Моди мөн худалдаа, эдийн засгийн харилцааг нэмэгдүүлэхийн чухлыг онцолж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Энэтхэг улсад хийх айлчлалын үеэр илүү бодитой зүйл хийж, үр дүнд нь хоёр улсын харилцааг нэг шат ахиулах хүлээлттэй байгаагаа илэрхийлэв. Түүнчлэн талууд хоёр улсын болон бүс нутгийн аюулгүй байдлын асуудлаар санал солилцлоо.


Холбоотой мэдээ