Барилгын байгууллагуудын дутуу санхүүжилтийг нөхөж олгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-04-07 22:50:27

Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга П.Эрдэнэбат, аймгийн ЗДТГ-ын дарга Ц.Сүхбаатар, Санхүү, Төрийн сангийн хэлтсийн дарга Б.Жаргалсайхан нар аймгийнхаа барилгын компаниудын төлөөллийг хүлээн авч уулзав.

Уулзалтыг 2015 онд “Орон нутгийн хөгжлийн сан” болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэгч аж ахуйн нэгж, байгууллагуудын үлдэгдэл санхүүжилт болох 1,4 тэрбум төгрөг олгогдоогүй байгаатай холбогдуулж хийлээ. Өнгөрсөн онд санхүүжилт өгөөгүй асуудал нь орон нутгаас хамааралгүй, харин Сангийн яамнаас дансыг нь нээхгүй, дансны гүйлгээнд хязгаарлалт хийснээс шалтгаалсан гэдгийг аймгийн СТСХ-ийн дарга Б.Жаргалсайхан  тайлбарлав.

Иймд аймгийн ИТХ-ын дарга П.Эрдэнэбат, Засаг дарга А.Энхболд нар 2015 онд хийгдсэн Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын дутуу санхүүжилтыг олгохоор ажиллаж байна гэлээ. Дархан-Уул аймгийн 2016 оны төсөвт шилжих хөрөнгө оруулалтаар батлагдсан 443,2 сая төгрөгийг аймгийн Засаг дарга, ЗДТГ, Аудитын газар, ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлын хамтарсан шийдвэрээр энэ долоо хоногоос эхлэж санхүүжилтын хуваарьт уялдуулж үе шаттайгаар олгохоор боллоо.

                                                                                                                                                       Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ