Замын-Үүд боомтын ажиллагааг түр горимд шилжүүлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Замын-Үүд
боомтын шинэчлэлийн бүтээн байгуулалтын ажил эхэлж байгаатай холбогдуулан энэ
оны есдүгээр сарын 1-нээс эхлэн боомтын
үйл ажиллагааг нэг жилийн хугацаагаар түр горимд шилжүүллээ.
Тус боомтыг Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Гаалийн шинэчлэл”-ийн хүрээнд олон улсын жишигт нийцүүлэн шинээр барьж, хүчин чадлыг нэмэгдүүлэх юм. Төслийг БНХАУ-ын 201 сая юань (75 тэрбум төгрөг)-ийн буцалтгүй тусламжаар санхүүжүүлж, зорчигч тээврийн 30, ачаа тээврийн 28 барилга, дэд бүтэц, ногоон байгууламж баригдана. Түүнчлэн шуурхай удирдлагын төвтэй холбогдсон орчин үеийн теле хяналтын систем бүхий тээврийн хэрэгслийг автоматаар бүртгэх ухаалаг гарцууд болон өндөр хүчин чадлын рентген, тоног төхөөрөмжүүд суурилуулах юм. Боомтын барилга угсралтын ажлыг 2020 оны 10 дугаар сард дуусахаар төлөвлөжээ.
Замын-Үүд боомт нь нийт зорчигчийн 40 хувь, суудлын тээврийн хэрэгслийн 76 хувь нэвтэрдэг импортын хамгийн том боомт боловч барилга байгууламж, дэд бүтэц нь өсөн нэмэгдэж буй хэрэгцээ шаардлагыг хангахгүй, ачааллаа дийлэхгүйгээс зорчигч, ачаа тээвэр хилээр нэвтрэхэд олон төрлийн хүндрэл гарч байгаа юм. Боомтын шинэчлэлээр нийт талбай 8 дахин, өдөрт нэвтрэх зорчигчийн тоо 4 дахин, том оврын ачаа тээврийн хэрэгслийн тоо 3 дахин, суудлын тээврийн хэрэгслийн тоо 7 дахин нэмэгдэж зорчигч, тээврийн хэрэгсэл хилийн боомтоор түргэн шуурхай нэвтрэн, зорчигчид ая тухтай үйлчлүүлэх боломж бүрдэж Монгол Улсын гадаад худалдаа, эдийн засгийн хөгжилд томоохон нөлөө үзүүлнэ гэж Сангийн яамнаас мэдээллээ.
Түр горимд шилжүүлж байгаатай холбогдуулан хил, гаалийн
байгууллагын хэвийн үйл ажиллагаанд шаардагдах дэд бүтэц, зам талбай, түр
байгууламжуудын бэлэн байдлыг хангаж, иргэд, ААН-үүдэд хүндрэл учруулахгүйгээр
зохион байгуулаад байна. Энэ
хугацаанд суудлын болон УАЗ автомашинаар зорчигчид хуучин боомтын баруун хойд
талд байрлах Замын-Үүд чөлөөт бүсийн зам талбайгаар нэвтрэх бөгөөд ачаа
тээврийн хэрэгслүүдийн хувьд хуучин маршрутад өөрчлөлт орохгүй аж.