Ангол улс ОУВС-гаас зээл авна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nyamtulga@montsame.mn
2016-04-07 13:57:46

ЛУАНДА. /VOA/. Ангол улс ирэх долоо хоногт Олон улсын валютын сантай /ОУВС/ хэлэлцээ хийж 3 жилийн хугацаатай зээл авах гэж байна. Гэтэл Сангийн сайд Армандо Мануэль энэ оны 3 дугаар сард мэдэгдэхдээ “Бид ОУВС-аас зээл хүсэх бодолгүй байна” хэмээн ярьж байсан билээ.                                    

Түүхий газрын тосны экспортоор Африк тивд хоёрдугаарт ордог энэ улсын хувьд нефтийн үнийн уналт нь санхүүгийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж байна. Лхагва гарагт Брент маркийн түүхий нефть 39 доллар/баррель ханштай борлогдсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 30 хувиар буурсан үзүүлэлт юм. Газрын тос нь тус улсын ДНБ-ний 40 хувь, валютын орлогын 95 хувийг бүрдүүлдэг ажээ.

Зээлийн хэлэлцээртэй холбогдуулан ОУВС-ын дэд захирал Мин Жү хэлэхдээ “нефтийн үнэ буурсан нь экспортлогч орнууд, ялангуяа эдийн засгаа төрөлжүүлж чадаагүй улс орнуудад бэрхшээл учруулж байна” гэжээ.

ОУВС-гийн гишүүн орнууд тус байгууллага дахь өөрийн хувь оролцооны 145 хүртэлх хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг жил бүр зээлэх эрхтэй бөгөөд Ангол улсын хувьд энэ нь 1,5 тэрбум доллар болж байгаа юм. 

Тус улс цаашдаа санхүүгийн сахилга батыг сайжруулах, татварын тогтолцоогоо хялбарчлах болон санхүүгийн ил тод байдлыг хангахад чиглэсэн шинэчлэл хийх зорилгоор ОУВС-тай хамтран ажиллах гэж байгаа бөгөөд энэ нь зээлийн хэлэлцээний үеэр хөндөх чухал сэдэв байх болно.

 27 жилийн турш сунжран үргэлжилсэн иргэний дайн 2002 онд дууссанаас хойших хугацаанд Анголын эдийн засаг эрчимтэй хөгжиж, гурван жилийн өмнө 12 хувийн өсөлттэй байсан билээ.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ