Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны өдрийг тэмдэглэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2019-08-31 17:45:55

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих анги Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны өдрийг алба хаагчид болон тэдгээрийн гэр бүлийн хамтаар тэмдэглэн өнгөрүүлжээ.

Алба хаагчдын гэр бүлд байгууллагын үйл ажиллагааны онцлогийг таниулах, хамтын үйл ажиллагааг нэгтгэн сайжруулах зорилгоор Ярилцъя – Сонсъё уулзалт хийж, 445 дугаар нээлттэй хорих анги, цагдан хорих байр, шийдвэр гүйцэтгэлийн тасаг гэсэн үндсэн 3 чиглэлд хуулиар хүлээсэн үүргээ хэрхэн хэрэгжүүлж ажиллаж байгааг танилцуулсан аж.

Мөн суран эдлэл, гар урлал, мужаан /тавилга/, эсгий /эсгий урлал/, мал аж ахуй гэсэн чиглэлээр явуулж буй үйлдвэрлэлтэй танилцуулж мэдээлэл өгчээ. Энэ үеэр хичээлийн шинэ жилийг угтан алба хаагчдын хүүхдүүд сурах бичгээ солилцох ажлыг зохион байгуулсан байна.

Хүүхдүүд нэг нэгэндээ хэрэгтэй байгаа сурах бичгүүдээ хоорондоо солилцож, хичээлийн шинэ жилийнхээ бэлтгэлийг хангасандаа баяртай байсан юм.

ШШГБ-ын ажилтны өдрийг тохиолдуулан албаны үйл ажиллагаа, хууль тогтоомжийг иргэд, олон нийтэд сурталчлан таниулахын зэрэгцээ алба хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх үүднээс гэр бүлийн гишүүдийн хамт Зулзагын голд нэг өдрийг өнгөрөөхийн зэрэгцээ 30 алба хаагчид зуслангийн газар хүлээлгэн өгөх  үйл ажиллагааг зохион байгуулах болсныг Дархан-Уул аймаг дахь ШШГГ-445 дугаар нээлттэй хорих ангийн дарга, Хошууч Ц.Сандагдорж онцолж байна.

Тус үйл ажиллагаанд аймгийн ЗДТГ-ын Хууль, эрхзүйн хэлтсийн дарга Л.Алтанчимэг урилгаар оролцож алба хаагчдад баяр хүргэжээ.

 

 

Холбоотой мэдээ