"Цуутын цагаагч гүү" дэлгэцийн бүтээл боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-08-28 12:19:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол ардын алдартай үлгэрийн нэг  "Цуутын цагаагч гүү"  дэлгэцийн бүтээл боллоо.

Өв соёлоо түгээн дэлгэрүүлэх, төрөлх эх хэлээ яруу тансаг байдлаар нь хүүхэд багачуудад  уламжлуулах зорилгоор, Цуутын цагаагч гүү цолмон цоохор унаганд тохиолдсон сургамжтай үйл явдлаар "Mifox анимейшн" студийн  хамт олон анимейшн кино бүтээжээ.

Найруулагч Б.Ундрам “Манай студи өнгөрсөн жилийн 12 дугаар сараас эхлэн “Шидэт авдар” төслийг хэрэгжүүлж байна. Төслийг СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийн дэмжлэгтэйгээр санаачлан эхлүүлсэн. Одоогоор гурав дахь анимейшн кино бэлэн болоод байна. Бид монгол ардын “Өвгөн бар хоёр”, “Цуутын цагаагч гүү”, “Цагаан дарь эхийн домог” үлгэрээр анимейшн кино бүтээж өв соёлоо хүүхэд багачуудад сурталчлан таниулах зорилготой. Сүүлийн үед яригдаж буй "Альфа үеийн хүүхдүүд"-эд гадны контент бус өөрийн монгол контент бэлтгэн үзүүлэх чухал болоод байна. Гадны контент байнга үзвэл төрөлх хэлээрээ бус гадаад хэлээр ярих, монгол ахуйгаасаа холдох асуудал үүсэж байна. Тиймээс "альфа үеийнхэн"-ий сонирхолд зориулж  шинэ контентыг бий болгосон  юм” гэв.

"Цуутын цагаагч гүү" үлгэрээр Монголын олон үеийнхэн хүмүүжсэн бөгөөд одоо үеийн бяцхан үрсэд унших дуртай зурагт ном, сонсдог хэлбэрээр хүрсэн нь бий. Харин анх удаа  дэлгэцэнд амилжээ. Киног технологийн дэвшлийг ашиглан дөрвөн сар гаруй хугацаанд бүтээсэн бөгөөд есдүгээр сард хүүхэд багачуудад хүрэх юм. Энэ анимейшн найман минут  үргэлжлэх юм байна.

Холбоотой мэдээ