Орчин үеийн шийдэл бүхий Архивын барилга ашиглалтад орлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2019-08-27 16:22:32

Баянхонгор /МОНЦАМЭ/. Архив, бичиг хэргийн хадгалалт, хамгаалалтыг бүрэн шийдвэрлэсэн дохиолол хамгаалал, галын систем бүхий орчин үеийн шийдлийг өөртөө шингээсэн Төрийн Архивын шинэ барилгын нээлт Баянхонгор хотноо боллоо. 

Монгол Улсын хэмжээнд хоёр дахь, орон нутгийн хэмжээнд анхдагч болж буй Архивын шинэ барилгын нээлтийн үйл ажиллагаанд ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Билгүүн, Архивын Ерөнхий газрын дарга С.Энхбаатар, Дэд дарга Ц.Гансүх, төрийн төрөлжсөн архивын дарга, удирдлага, Баянхонгор аймгийн ИТХ-ын дарга Ц.Отгонбаяр, аймгийн Засаг дарга Г.Батжаргал, 13 аймгийн ЗДТГ-ын дарга, ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга, Архивын тасгийн дарга, мэргэжилтнүүд зэрэг 100 гаруй төлөөлөгч оролцов.

"Төрийн архивын хадгалалт, хамгаалалтын стандартыг сайжруулж, түүнийг бүрдүүлэх, иргэдэд үйлчлэх орчин нөхцөлийг сайжруулснаар Монгол төр, Баянхонгор аймгийн түүхийн бүрэн бүтэн, халдашгүй байдал хангагдаж байна. Нөгөө талаар төрийн архив эргээд хүний эрх, эрх чөлөөг хангах чухал баримт бичиг болдог тул энэ ажил өндөр ач холбогдолтой" гэдгийг албаныхан онцолж байв.

Төрийн Архивын барилгыг улсын төсвийн 1.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар орон нутгийн “Навтгар хайрхан” ХХК нэг жилийн хугацаанд барьж, ийнхүү ашиглалтад оруулж байгаа аж.

Холбоотой мэдээ