БНХАУ-ын Хайнань муж Монгол Улстай харилцаагаа бэхжүүлж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2019-08-21 11:30:42

ХАЙКОУ. /ТАСС/. “Бүс ба зам” санаачилгын хөтөлбөрт Монгол Улсыг татан оролцуулах арга зам, түүнчлэн БНХАУ-ын Хайнань мужийн чөлөөт худалдааны бүстэй хийж буй тус улсын бизнесийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх асуудлыг энэ сарын 19-21-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо болж буй Азийн эдийн засгийн чуулга уулзалтын бага хурлаар хэлэлцэж байна. Энэхүү бага хурал нь Монгол Улсын нийслэл хотод анх удаа болж байгаа юм.


Азийн эдийн засгийн чуулга уулзалтын цахим хуудсанд мэдээлснээр, энэ жилийн бага хурлыг БНХАУ болон Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойд зориулан зохион байгуулж байгаа бөгөөд “Шинэ эрин үе дэх хамтын хөгжил дэвшлийн төлөөх уялдаатай үйл ажиллагаа” уриан дор болж байна. Бага хурлын үеэр Хятад-Монголын иж бүрэн түншлэл болон Хайнань мужийн оролцоотойгоор хоёр талын төслүүдийг хэрэгжүүлэхэд шинэ боломжийг бий болгох асуудлаас гадна, улс орнуудын дарамт шахалт болон протекционизм буюу гаалийн тарифаар дамжуулан худалдааг ивээх бодлого баримтлах нь нэмэгдэж буй нөхцөлд бүх нийтээр хөгжих, мөн олон улсын олон талт механизмуудыг бэхжүүлэх замаар дэлхийн тогтвортой хөгжлийг дэмжих асуудлуудад анхаарлаа хандуулж байна.


Энэ удаагийн бага хуралд олон улсын бизнесийн салбарын болон шинжээчдийн хүрээний 300 гаруй төлөөлөгч оролцож байна. Боаогийн чуулга уулзалтын үеэр Хятад-Монголын дипломат яриа хэлэлцээ болохоос гадна бага хуралд оролцогчид Монголын аж үйлдвэрийн талбаруудтай танилцаж, тус улсын худалдаа-эдийн засгийн байгууллагуудын удирдлагатай уулзана. Тус бага хурал нь "бүс нутгийн улс орнуудын хамтын ажиллагаанд илүү их боломжийг бий болгох төлөвтэй байна" гэж Азийн эдийн засгийн чуулга уулзалтын төв байрнаас хийсэн мэдээлэлд тэмдэглэжээ.


“Сүүлийн жилүүдэд Азийн эдийн засгийн чуулга уулзалтын цар хүрээ, үйл ажиллагаа өргөжиж байгаатай холбоотойгоор чуулга уулзалтын арга хэмжээнүүд Азийн төдийгүй бусад бүс нутгийн улсуудад зохион байгуулагдаж байна. Улаанбаатарын бага хурлын үеэр дотоодын болон гадаадын бизнесийн хүрээний төлөөлөгчдийн хооронд ажил хэргийн уулзалтууд зохион байгуулагдсан. Энэ нь Монгол Улсын ашиг сонирхлыг гадаадад сурталчлах сайхан боломж болно” гэж Монгол Улсын ГХЯ-ны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын дэд захирал Т.Батцэцэг хэллээ.


Тэрбээр Боаогийн чуулга уулзалтын бага хурал Монгол Улсын нийслэл хотод анх удаа болж байгааг дурдсан юм. Бага хуралд тус улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Азийн эдийн засгийн чуулга уулзалтын захирлуудын зөвлөлийн дарга Бан Ги Мүн, НҮБ-ын Ази, Номхон далайн бүс нутгийн Нийгэм, эдийн засгийн комиссын гүйцэтгэх нарийн бичгийн дарга Армида Алисжабана зэрэг зочид төлөөлөгчид оролцож байна.


Азийн Давос гэж нэрийддэг Боаогийн эдийн засгийн чуулга уулзалтыг 2001 оноос хойш зохион байгуулж байгаа бөгөөд Ази тивийн тулгамдсан асуудлуудыг хэлэлцэх чухал механизм юм. Энэхүү механизм нь Бээжингийн олон улстай хийж буй харилцаа холбоог эрчимжүүлэхэд болон дэлхийн тавцанд Хятад улсын гүйцэтгэх үүргийг бэхжүүлэхэд, түүнчлэн Хятадын эрх баригчдын сурталчилдаг "Хүн төрөлхтөн нэг хувь тавилантай" хэмээх үзэл баримтлалын зарчмуудыг батлахад хувь нэмэр оруулдаг учраас тус улсын Засгийн газар ихээхэн анхаарал хандуулдаг. Сүүлийн жилүүдэд энэхүү иж бүрэн арга хэмжээ нь "Хятад улсыг гадаад ертөнцтэй холбосон чухал гүүр болжээ". 

Холбоотой мэдээ