Баян-Өлгийд гурилын үнэ 10 гаруй хувиар нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-08-16 14:12:00

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймагт гурилын үнэ өмнөх саруудтай харьцуулахад килограмм тутамдаа 60 төгрөг, өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 116 төгрөг буюу 10,1 хувиар өсжээ.

Өлгий хотын "Тирлик", "Ах дам" захад 50 кг-ын нэгдүгээр гурилыг 55-56 мянга, дээд гурилыг 65-66 мянган төгрөгөөр худалдаалж байна.

"Улаанбаатар дахь үйлдвэрүүдэд буудайн нөөц, үлдэгдэл багассан, шатахууны үнийн өсөлттэй холбоотой тээврийн зардал өссөн учраас гурилын үнэ нэмэгдсэн.

Өнөөдрөөс гурилын бөөний үнэ 54500 төгрөг хүрээд байгаа. Төр засаг ямар нэг зохицуулалт хийхгүй бол цаашид дахин нэмэгдэнэ" гэж жижиглэнгийн худалдаа эрхлэгчид хэлэв.

ХХААЯ-ны сайдын 2019 оны 20 тоот тушаалаар ОХУ-аас 11 мянган тонн гурил импортлохоор шийдвэрлэж, аймгуудаас стратегийн хүнс импортлох аж ахуйн нэгжүүдийг шалгаруулсан гэх мэдээлэл байгаа ч аймгийн ЗДТГ, ХХААГ-аас тодруулахад ийм мэдээлэл хараахан ирээгүй гэлээ.

Холбоотой мэдээ