Р.Балжинням: Зарим сурагч шинэ сурах бичгээ хүлээх шаардлагатай болж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
nandintsetseg@montsame.gov.mn
2019-08-16 11:20:05
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ерөнхий боловсролын сургууль (ЕБС)-ийн дунд, ахлах ангийн сурагчдын 60 хувьд сурах бичгийг төлбөртэй ашиглуулах болсон. Энэ талаар БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын мэргэжилтэн Р.Балжиннямаас тодрууллаа.


-Дунд, ахлах ангийн зарим сурагчдад сурах бичгийг төлбөртэй ашиглуулахаар болсон. Энэ ажлын хэрэгжилт ямар байна вэ?

-ЕБС-ийн бага ангийн сурагчдыг 100 хувь, дунд, ахлах ангийн сурагчдын 40 хувийг үнэ төлбөргүй сурах бичгээр хангах Засгийн газрын шийдвэр хэвээр үйлчилж байгаа. Харин дунд, ахлах ангийн сурагчдын үлдсэн 60 хувь буюу 118 мянган хүүхдийг сурах бичгээр бүрэн хангах тогтолцоо бүрдэхгүй байгаа учир энэ жилээс сурах бичгийг төлбөртэй ашиглуулах үйлчилгээ нэвтрүүлж байна. Төлбөртэй ашиглуулах сурах бичгийг хэвлүүлж сургуулийн номын санд хүргэх ажилд хөрөнгө төсөвлөөгүй учир олон улсын байгууллагын төсөл хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэхийг Сангийн сайд даалгасан. Үүний дагуу Азийн хөгжлийн банк энэ ажлыг санхүүжүүлэхээр болсон. Бид тендер зарлаж, Азийн хөгжлийн банкинд шаардлагатай материалыг хүргүүлсэн. Тус банк мэдээллийг шалгаж байгаа.


-Хичээлийн шинэ жил эхлэхэд ердөө хоёр долоо хоногийн хугацаа үлдсэн байна. Үүнээс өмнө сурах бичгийг хэвлэж, түгээж амжих уу?

-Азийн хөгжлийн банктай байнгын холбоотой ажиллаж, сурах бичгийн хэвлэлтийг шуурхай эхлүүлэхийг зорьж байна. Сурах бичгийг хэвлэж тараах ажилд ойролцоогоор нэг сарын хугацаа шаардлагатай. Мэдээж бүх сурах бичгийг нэг дор хэвлээд бэлэн болгох боломжгүй учир хэвлэгдсэн даруйд сургуулиудад хүргэнэ. Сургуулиудын номын санд өмнөх жилүүдийн ном хадгалагдаж байгаа. Харин дунд, ахлах ангийн сурагчдын 60 хувь буюу 180 мянган хүүхэд шинэ сурах бичгээ гартал түр хүлээх шаардлагатай болж байна.


-Шинээр нэвтэрч байгаа сурах бичгийг төлбөртэй ашиглах үйлчилгээний талаар дэлгэрүүлэхгүй юу?

-Сурагч тухайн хичээлийн жилд хэрэглэх бүх сурах бичгээ багцаар нь авах юм. Сурах бичгийг нэг жилийн хугацаанд ашиглаад буцаагаад сургуулийнхаа номын санд өгнө. Ингэхдээ хэрэглэсний зардал буюу тодорхой хэмжээний мөнгийг Сангийн яамны тусгай дансанд тушаана. Хураамжийг сурах бичгийн эдэлгээний хугацаа дуусахад буюу дөрвөн жилийн дараа дахин хэвлэхэд зарцуулах юм.


-Нэг багц сурах бичгийг хэдэн төгрөгөөр түрээслэх вэ?

-Нэг багц сурах бичгийг 50-60 мянган төгрөгөөр худалдаж авдаг. Харин төлбөртэй хэрэглэхэд 15-25 мянган төгрөг байх юм.

Холбоотой мэдээ