Боловсролын зээлийн сангаас 13 мянган иргэний дипломыг чөлөөлнө

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-08-14 14:27:44
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар, Боловсролын зээлийн сангаас зээл авч сургуулиа төгсөөд, гэрээнийхээ үүргийг биелүүлсэн 13 мянган иргэний дипломыг чөлөөлөх тухай журмыг УИХ-д өргөн барихаар тогтжээ.


Энэ талаар БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, "2004-2016 онд дотоодын их, дээд сургуульд Боловсролын зээлийн сангаар сургалтын төлбөрөө төлүүлсэн, төгсөөд гэрээнийхээ үүргийг биелүүлсэн иргэдийн зээлийг төрөөс чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ. Ингээд Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуульд заасны дагуу дээрх асуудлыг журамд тусгаж, УИХ-д өргөн барихаар тогтлоо. Энэхүү журам батлагдсанаар, Боловсролын зээлийн санд хадгалж байгаа 13 мянга гаруй иргэний дипломыг барьцаанаас чөлөөлөх асуудлыг шийднэ. Өмнө нь 2004, 2008 онд энэ асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэж байсан" хэмээв. 


Мөн хуралдаанаар, Шинжлэх ухааны салбарт хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолын төслийг баталсан байна. БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг энэ талаар ярихдаа, "2015 оны Засгийн газрын 27 дугаар тогтоолоор, шинжлэх ухааны байгууллагын тоог цөөлж, чиг үүргийн бус хүрээлэнгүүдийг нэгтгэж, салгаж бужигнуулсан. Мөн шинжлэх ухааны байгууллагын зарим байрыг өөр байгууллагад шилжүүлсэн байна. Түүнчлэн, Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн газрыг нийслэлд шилжүүлж, нийслэлээс ААН-үүдэд шилжсэн зэрэг шинжлэх ухааны салбарын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан тогтоол байсан. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар, дээрх алдааг засаж, залруулах, шинжлэх ухааны салбарын менежментийг боловсронгуй болгох, хөгжүүлэхэд зарцуулах санхүүжилтийг хангах тогтоолын төслийг баталлаа" хэмээв. 


Мэдээллийн төгсгөлд тэрбээр, ирэх есдүгээр сард шинжлэх ухааны салбарын ажилтны улсын анхдугаар зөвлөгөөн зохион байгуулахаар төлөвлөж байгаагаа онцлов.

Холбоотой мэдээ